С.Билгүүн: Шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн хэдий ч шүүгч хэвээрээ байгаа

С.Билгүүн: Шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн хэдий ч шүүгч хэвээрээ байгаа

Улсын дээд шүүхийн Иргэний танхим бүрэлдэхүүнгүй болсноор мянга шахам хэрэг хуримтлагджээ. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн дарга С.Билгүүнтэй ярилцлаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар нэр бүхий шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас шалгаж буй. Үүнээс үүдэж шүүн таслах ажиллагаа тасалдлаа. Иргэд ч хохирч байна шүү дээ. Улсын дээд шүүхэд хэдэн хэрэг гацаад байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны зургадугаар сарын 26-ны 120 дугаар зарлигаар нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлснээс хойш дөрвөн сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд тодорхой шүүхийн үйл ажиллагаа зогсож, шүүн шийдвэрлэх хэвийн, тасралтгүй ажиллагаа алдагдахад хүрсэн. Үүний улмаас шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх эрх нь зөрчигдөж байгаа талаар иргэд, олон нийт өргөдөл, гомдол тасралтгүй ирүүлсээр байна. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааны бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байгаагаас тус шүүх иргэний хэрэг, маргаан хянан шийдвэрлэх боломжгүйд хүрч, шийдэгдээгүй гомдлын тоо 950-д хүрсэн байна.

-Одоо яах вэ, гарц байна уу?

-Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд энэ тухай заасан. Нэгдүгээрт, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, эсхүл хэрэглэх ёстой хуулиа хэрэглээгүй, хоёрдугаарт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр л Улсын дээд шүүхэд гомдол гаргадаг. Маргаан болон баримтын холбогдолтой асуудлыг анхан болон давж заалдах шатны шүүхэд хэлэлцээд дуусдаг. Зөвхөн хууль хэрэглээний ээдрээ төвөгтэй асуудлаар Дээд шүүх хяналтын шатны шүүх чиг үүргээ хэрэгжүүлж, маргаанд цэг тавьдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 173.4-т “Хяналтын журмаар гомдол гаргахад энэ хуульд заасан журмыг баримтлаагүй бол шүүх гомдлыг хүлээн авахгүй бөгөөд энэ тухай шүүгч захирамж гаргана” гэж тодорхой заасан. Үүнийг мөн хуулийн 172 дугаар зүйлд заасантай хамтатган ойлгож, одоо шүүхэд гаргасан нэхэмжлэл, гомдлоос хууль хэрэглээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамтай холбогдолгүй гаргасан, маргаан, баримттай холбоотойг нь хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэвэл өмнө нь хэлсэн хуримтлагдсан хэрэг тодорхой хэмжээнд багасаж, чирэгдэл багатай шийдвэрлэх нэг гарц бий.

-Бүрэлдэхүүн хүрэлцэхгүй гээд энэ гомдлуудыг шийдвэрлэхгүй байгаад байх уу. Гарц байгаа бол үүнийгээ ашиглаж болохгүй гэж үү?

-Үйл ажиллагааны практикаасаа болоод ингэж шийдвэрлэхгүй байна уу, үгүй юү гэдгийг Улсын дээд шүүхээс тодруулсан нь зөв байх. Гадаадын улс орнуудын иргэний процессын хуулиудад ч Дээд шүүх нь гаргасан гомдол хуульд заасан шаардлага хангасан байна уу, үгүй юү гэдгийг шалгаж, хүлээн авах, эсэхээ илтгэгч шүүгч нь шийддэг механизм байдаг юм билээ.

-Шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж байхад Шүүхийн ерөнхий зөвлөл юу хийж байна вэ?

-Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах Үндсэн хуулиар хүлээсэн үүрэгтэй. Шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлснээс хойш нэр бүхий шүүгчдэд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулах, мөрдөн шалгах ажиллагаа ямар шатанд байгаа талаар иргэд, олон нийт, шүүх, шүүгчдэд мэдээлэл хийх тухай хүсэлт УЕПГ, АТГ-т удаа дараа гаргаад байна. Шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн хэдий ч шүүгч хэвээрээ байгаа. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа сунжрах нь зарим шүүхийн хэвийн, тасралтгүй ажиллагаа алдагдахаас гадна шүүгчдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөх тул хэргийг мөрдөн шалгах, хяналт тавих чиг үүрэгтэй төрийн байгууллагууд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэж найдаж байна.

-Цаашид энэ асуудлыг яаж шийдэх ёстой вэ?

-Улсын дээд шүүхийн нэг танхим бараг бүрэлдэхүүнээрээ шүүн таслах чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн анхны тохиолдол боллоо. Тодорхой шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн ч шүүхийн үйл ажиллагаа хэвийн тасралтгүй явж байх зарчим бий. Тэгэхгүй бол иргэд хохирдог. Цаашид шүүхийн хууль тогтоомжоо боловсронгуй болгож, ийм тохиолдол гарахад судлаачдын хэлээд байгаа шиг “нөөц” шүүгч ажиллуулдаг болгох зэрэг зохицуулалт хийхээс гадна одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиудыг зөв хэрэгжүүлэх, зарим жишгээс татгалзах, бололцоог бүрэн гүйцэд ашиглах шаардлага ч байна.




Өнөөдөр хонь өдөр

4 цагийн өмнө