"Ааваа ээжийг битгий зодооч дээ. Ааваа гуйж байна. Хэн нэгэн байвал бидэнд туслаач дээ" хэмээх бяцхан зүрх аль нэгэн цоожтой хаалганы цаана аврал эрэн уйлж байна. Харин үүнийг шалтгаан нь архидалт, ажилгүйдэл, гэр бүлийн гадуурх харилцаа байдаг гэдгийг мэргэжлийн хүн хэлж байна. Ер нь сүүлийн жилүүдэд дээрх шалтгаанаас улмаас хүүхэд, эмэгтэйчүүд хүчирхийллийн хохирогч болох нь нэмэгджээ. Тиймээс бид Нийслэлийн цагдаагийн удирдах газрын харьяа гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн “Түр хамгаалах байр”-ыг зорилоо.
ВИДЕО:
ТҮР ХАМГААЛАХ БАЙР: ”МИНИЙ ХҮҮ” Л БИТГИЙ УЙЛААРАЙ
Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид тус байранд ирж, хамгаалагддаг учир байршил нууц байдаг аж. Тиймээс ч бид нууцын баталгаа гаргаж, тус байранд нэвтрэв. Түр хамгаалах байранд өнөөдрийн байдлаар /2022.03.31/ гурван гэр бүлийн 10 хүн хамгаалалтад байна. Тодруулбал, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гурван ээж, хүүхдүүдийн хамт байгаатай бид таарсан юм. Түр хамгаалах байр нь нэг дор 30 хүн хүлээн авах хүчин чадалтай ч зарим үед энэ тооноос даруй нэг дахин олон хүн хүлээн авах тохиолдол гардаг гэдгийг Түр хамгаалах байрны цагдаагийн алба хаагчид танилцуулж байлаа.
...”Миний хүү” л битгий уйлаарай гэж өлгийтэй нялх үрээ аргадаад бүүвэйлэх залуухан ээж, “Намайг бариарай...., би түрүүлсэн...” гэж шуугин гүйлдэх бяцхан үрс...
Тэднийг хараад “Яагаад ийм жаахан үрсээ гомдоосон юм бол доо, нялх биетэй ээж байна шүү дээ. Тэд эндээс гараад дахин хүчирхийлэлд өртөхгүй байгаасай” гэх бодол өөрийн эрхгүй төрж байсныг нуух юун. Түр хамгаалах байрны орчин нөхцөл тийм таатай, тансаг биш ч гэсэн хүчирхийлэлд өртсөн иргэдийн “жаргалын орон” аж. Тиймээс л тэд тэнд инээж, бага ч атугай сэтгэл амар байдаг байна. Бага ч атугай гэхийн учиг нь хохирогчдын хувьд маргааш дахин хүчирхийлэлд өртөхгүй гэх баталгаа байдаггүй бөгөөд хүчирхийллийн улмаас олон дахин тус газраар үйлчлүүлэх явдал ч байдаг аж. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон долоон хүүхэд ээж тус төвөөр нэлээд олон удаа үйлчлүүлсэн гэх. Нөхөр нь архи ууж, агсам согтуу тавьж, улмаар эхнэр, хүүхдүүддээ гарч, хүчирхийлдэг байна.
Б.УРАНЦАЦРАЛ: ГЭР БҮЛИЙН ГАДУУРХ ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛСАН ХУУЛЬТАЙ БОЛОХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА БАЙНА
Хүчирхийлэлд өртсөн хохирогчдын сэтгэл санаа тогтворгүй, айдастай байдаг учраас хэвлэлд ярилцлага өгөх нь тэдний сэтгэл зүйд хүндээр нөлөөлөх, цаашлаад хүчирхийлэгч өөрийнх нь талаар мэдээллээ хэмээн дарамтлах тохиолдол гардаг гэсэн учир бид тэдний эрхийг хүндэтгэж, ярилцлага болон дүрс бичлэг хийсэнгүй. Харин хүүхэд, эмэгтэйчүүд яагаад хүчирхийллийн хохирогч болоод байгаа, үүний шалтгаан нөхцөл нь юу байдаг зэрэг сэдвээр Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын харьяа Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн “Түр хамгаалах байр”-ны жижүүрийн сэтгэл зүйч, цагдаагийн ахмад Б.Уранцацралтай ярилцсан юм.
Тэрбээр "Гэр бүлийн хүчирхийллийн улмаас ирсэн хохирогчид манай Түр хамгаалах байранд ирдэг. Тэд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан асуудал шийдэгдэх хүртэл буюу 1-3 сарын хугацаа үүнээс ч олон сар манай төвд байх тохиолдог байдаг. Ер нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нь эмэгтэйчүүд, ээж нар, тэр дундаа хүүхдүүд байдаг. Энэ бүхний шалтгаан нь архидалт, ажилгүйдэл, гэр бүлийн гадуурх харилцаан болоод байна. Хүн харсан зүйлээ хэзээ ч мартдаггүй харин сонссон зүйлээ мартах нь бий.
Хамгийн ихээр хайрлаж, хүндэлж явсан аав нь ээжийг нь зодож, хүчирхийлэхийг харсан, ийм байдалд өртсөн хүүхдийн сэтгэл зүйд маш хүнд цохилтод орж, эдгэшгүй шарх авдаг.
Тэдгээр хүүхдүүд хүчирхийлэлд өртсөн байдлаа ярихдаа үнэхээр их эмзэглэж, айж түгшсэн байдаг. Харин сэтгэл заслын эмчилгээ хийсний дараа тэд "Аав ээжтэйгээ сайхан амьдрахыг хүсэж байгаагаа, аавтайгаа, ээжтэйгээ цэцэрлэгтээ хамт явахыг, тэдэнтэйгээ тоглож, амттай хоол хамтдаа идэхийг хүсэж байна" гэдгээ хэлдэг. Харин зарим нь хүчирхийлэгчийг үзэн ядаж, тэднээс хол байхыг хүсэж байна гэдгээ учирладаг.
Угтаа хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй, хүүхэд хайрлагдах эрхтэй. Гэтэл энэхүү үндсэн эрх хангагдахгүй, зөрчигдөж байна. Тиймээс гэр бүлийн хүчирхийллийн шалтгаан болоод байгаа зүйлсийг арилгах, хуулийг чангатгах зайлшгүй хэрэгцээ шаардлага байна гэж л харж байна" гэдгийг онцолсон юм.