Б.Чойжилсүрэн "Баян"-ийн, Д.Баясгалан "Бөөрөлжүүт"-ийн станцаа төрд шахахын тулд “Эрчим хүчний сайд бүх эрх мэдлийг авах, төрд өндөр үнээр шахах” хуулийг боловсруулав уу

Б.Чойжилсүрэн "Баян"-ийн, Д.Баясгалан "Бөөрөлжүүт"-ийн станцаа төрд шахахын тулд “Эрчим хүчний сайд бүх эрх мэдлийг авах, төрд өндөр үнээр шахах” хуулийг боловсруулав уу

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль"-ийн төслийг боловсруулж, наадмын өмнө УИХ-д өргөн барьж хэлэлцүүлсэн ч АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авснаар уг хуулийн хэлэлцүүлэг түр хугацаанд саатаад байна. Баяр наадамд анхаарсан олон нийт ч түүнийг ямар учиртай хууль өргөн барьсныг мэдээгүй өнгөрсөн. 

-ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭРХ МЭДЛИЙГ ӨӨРТӨӨ АВЧ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, ТҮҮНИЙГЭЭ ТӨРД ШАХНА. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАА ӨӨРӨӨ ХИЙНЭ ГЭЖЭЭ-

Уг хуулийн хэлэлцүүлгийг завсарлуулсан шалтгаан нь олон эрсдэл дагуулахтай холбоотой гэж мэргэжилтнүүд хэлж байна. Тодруулбал, тус хуульд өөрчлөлт оруулж Б.Чойжилсүрэн эрчим хүчний салбарын бүх эрх мэдлийг авч байгаад төр, хувийн хэвшлийн гэж ялгалгүй хүчин чадал өндөртэй, өндөр тарифтай цахилгаан станцуудыг өндөр өртгөөр бариад улсад шахах.

Цаашлаад эрчим хүчний үнийг зохицуулдаг Эрчим хүчний зохицуулах хорооны хараат бус байдлыг халж эрх мэдлийг нь Эрчим хүчний яаманд буюу өөртөө төвлөрүүлэх. Мөн хямд өртгөөр цахилгаан үйлдвэрлэдэг сэргээгдэх эрчим хүчийг зах зээлээс шахаж, оронд нь Б.Чойжилсүрэн өөрийн барьж буй 660 Мвт-ын "Баян"-ийн цахилгаан станцаа, Голомтын Д.Баясгалангийн 600 Мвт-ын "Бөөрөлжүүт"-ийн цахилгаан станцаа гэх мэт Улаанбаатарт дулаан нийлүүлэх боломжгүй, нийслэлээс хол, нүүрсний уурхайн ам бүр дээрээ барьсан цахилгаан станцуудыг төрд шахах зорилготой байж магадгүй байгаа юм.  Тэдний энэ зорилго Б.Чойжилсүрэнгийн хуулийн төслөөс магадгүй тодорхой уншигдана.

Тухайлбал,хуулийн төслийн дахь "6.3-д Эрчим хүчний төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг эрчим хүчний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилно" гэсэн нь цахилгаан станц барих болон төсөл хэрэгжүүлэх зөвшөөрлийг зөвхөн Б.Чойжилсүрэн олгодог болох аж. 

Цаашлаад хуулийн “3.1.35-д “эрчим хүчний төсөл” гэж нэгдсэн сүлжээнд холбогдон ажиллах сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс бусад эрчим хүчний эх үүсвэрийн зураг төсөл боловсруулах, эрчим хүчний барилга байгууламж барих, ашиглах, өмчлөх, шилжүүлэх, эрчим хүч үйлдвэрлэх цогц үйл ажиллагаа бүхий төслийг" гэсэн заалтаар цахилгаан станцуудыг төрд шилжүүлэн авах нь.

Төрд авах сонгон шалгаруулалтыг мөн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн байгуулсан ажлын хэсэг хийх бөгөөд тус хуулийн "6.11.1-т зааснаар эрчим хүчийг нэгдсэн сүлжээнд нийлүүлэх үнэ, 6.11.2. эрчим хүчний төслийг төрд шилжүүлэх нөхцөл, хугацаа, 6.11.3. төслийн хугацаанд нийлүүлэх эрчим хүчний хэмжээ" зэргийг харгалзан үзэж сонгон шалгаруулалтыг хийх нь.

Эцэст нь төр дээрх станцуудыг төр хувийн хэвшлийн түншлэлээр биш гэрээгээр төрд худалдахаар байна. Тодруулбал, хуулийн төслийн  2 дугаар зүйл. Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.19 дэх заалтын “төр, хувийн хэвшлийн түншлэлийн” гэснийг “хуульд заасан тохиолдолд төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ байгуулах,” гэж өөрчилсүгэй гэж тусгасан байна. 

Үүнээс үзвэл "Хурд" группын эзэн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, "Голомт" банкны эзэн Д.Баясгалан нар нүүрсний уурхайгаа түшиглэн барьсан цахилгаан станцуудаа төрд өндөр үнээр зарж ашиг олох  зорилготой байж болзошгүй гэх хардлага төрж байгаа юм.

Угтаа бол нар, салхинаас гаргаж авдаг сэргээгдэх эрчим хүчийг илүү хямд өртгөөр үйлдвэрлэж болно. Гэтэл Эрчим хүчний сайд нь цахилгаан тасалж зовоож байгаад цахилгаан үнээ нэмж араас нь хуульд өөрчлөлт оруулж байгаад өөрийнхөө станцыг магадгүй төрд шахаж буй сэргээгдэх эрчим хүчний төслийг Монголд хэрэгжүүлэх боломжгүй болгож байна. Хуулийг ЭНД дарж унших.

-УЛС ОРНУУД 2030 ОНООС ХҮЛЭМЖИЙН ХИЙГ БУУРУУЛАХАД ОРОЛЦОЖ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ ЭХЭЛНЭ. ТҮҮНЭЭС ӨМНӨ НҮҮРСНЭЭС ЭРЧИМ ХҮЧ ГАРГАДАГ СТАНЦ БАРЬЖ ТҮҮНИЙГЭЭ ТӨРД ШАХАЖ БАЙНА УУ-

Эрчим хүчний салбарт уламжлалт эх үүсвэрийн төсөл шинээр хэрэгжүүлэхэд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай 2015 оны Парисын хэлэлцээрээс хойш Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын нүүрсний эрчим хүчний эх үүсвэрт зориулсан санхүүжилт хумигдаж эхэлсэн.

Мөн 2021 оны 9 сард НҮБ-ын ерөнхий ассамблейн 76 дугаар чуулган дээр БНХАУ-ын дарга "Хятад улс хилийн чанадад нэмж нүүрсний эрчим хүчний шинэ эх үүсвэр барихгүй" гэсэн амлалт өгсөн.

НҮБ-ын ерөнхий нарийн Антонио Гутеррештэй манай улсад айлчлахдаа дэлхийн дулаарлаас үүдэлтэй сөрөг нөлөөллийг багасгахын тулд хүлэмжийн хийн ялгарлыг багасгахад бодитой хувь нэмрээ оруулах ёстой талаар дурдсан. НҮБ энэ чиглэлд уриалж буй бөгөөд 2023 оноос улс орнууд нүүрснээс татгалзаж ногоон эрчим хүчнийг түлхүү хэрэглэх зорилго тавин ажиллаж байна.

Тиймээс үүнээс урьдан манай бизнесмэн улс төрчид өндөр өртөгтэй барьсан нүүрснээс эрчим хүч ялгаруулдаг станцуудаа төрд өндөр үнээр шахах гэж байх ч магадлалтай юм. Мөн уг хуулиар зэх зээл дэхь өрсөлдөөнийг ч хумиж болзошгүй байгаа юм. Хамгийн ноцтой тэд цахилгаан станцаа ямар үнээр төрд зарснаас хамаарч айл өрх, албан байгууллагын цахилгааны тариф ч хэлбэлзэх магадлалтай байна. 

 
 



Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө