“Ice Top” хамтлаг АНУ-ын алдарт “Onyx” хамтлагтай хамтарсан тоглолтоо энэ сарын 8 /2025.08.08/-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд хийсэн. Тус тоглолт нь “Ice Top” хамтлагийн хувьд гадаадын хамтлагтай хамтарч буй анхны тоглолт гэдгээрээ онцлогтой.
Тоглолтын зохион байгуулагчаар “Skin Entertainment” ажилласан. Улмаар тус хамтлаг тоглолтоо Эрдэнэт хотод үргэлжлүүлэн энэ сарын 15 /2025.08.15/-нд бүрэн хэмжээний тоглолт хийсэн юм. Гэтэл тус тоглолтын маргааш /2025.08.16/ тус хамтлагийн гишүүн Коби буюу С.Чулуунбаяр “Ice top-д хүчин зүтгэх хугацаа энэ хүрээд дуусав” гэх мэдэгдлийг цахим хуудсаараа гаргаад "таг чиг" болсон юм. Харин удалгүй түүний нүүр хуудаснаас тэрхүү мэдэгдэл ч устгагдсан.
Иймд зарим залуус “Ice Top” хамтлаг наймдугаар сар /2025.08/-д Улаанбаатар, Эрдэнэт хотод хийсэн хоёр тоглолтын зардлаа нөхөж чадаагүй, "шатсан" тул хамтлагийн залуус маргалдсан тул Коби буюу С.Чулуунбаяр ийнхүү хамтлагаасаа гарч байгаа утгатай мэдэгдэл хийсэн байж магадгүй хэмээж байв.
Тэгвэл эх сурвалжууд, "Ice Top хамтлагийн дуучин Коби буюу С.Чулуунбаяр өнгөрөгч тавдугаар сар, наймдугаар сард хийсэн хоёр тоглолтуудын ачааллаас болж, түүний хууч өвчин сэдэрч, бие нь нэлээдгүй чилээрхсэн тул "хэсэг хугацаанд завсарлага" авахаар шийдэж, ийнхүү мэдэгдсэн" гэсэн тайлбарыг өгч байна. Учир нь С.Чулуунбаяр хоёр жилийн өмнө Төв аймагт зам тээврийн осолд орж, гэмтэл авсны улмаас ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан юм.
Сонирхуулахад, "Ice Top" хамтлаг нь 2022 онд 26 жилийн ойгоо тохиолдуулан "Миний нийслэл" тоглолтоо хийж байсан. Харин энэ сарын 8 /2025.08.08/-нд “Шүтээн минь” тоглолтоо хийсэн юм. Тэгвэл “Шүтээн минь” тоглолтын гэрээг тус хамтлагийн ахлагч Eyesсool буюу Б.Оргил-Эрдэнэ агсан өнгөрсөн хавар Малайз улсыг зорихоосоо өмнө “Skin Entertainment”-тай байгуулсан байжээ. Товчхондоо, Ice Top хамтлагийн залуус, ахлагчийнхаа сүүлчийн хүслийг биелүүлжээ.
Тус гэрээний хүрээнд “Ice top” хамтлагийн гишүүд нийт 300-500 орчим сая төгрөг авсан гэх мэдээлэл байгаа бөгөөд “Skin Entertainment” групп “Шүтээн минь” тоглолтыг зохион байгуулахдаа, "тайз, дуугаралт, хамгаалалт, хамтлаг дуучдын хөлс" гээд нийт 2 тэрбум төгрөгийг зарцуулсан гэх мэдээлэл ч яригдаж байна.
Манай улсад хамтлаг, дуучдын тоглолтыг шоу-продакшн, компаниуд худалдан авч тоглолт зохион байгуулдаг болоод удаж байгаа. Үүнийг ч зун, хавар, намар дараалан болж буй хамтлаг, дуучдын тоглолт илгэнэ. Ингэснээр хамтлаг, дуучид тасалбарын борлуулалт, тоглолтын маркетинг, тайз, хөгжим дуугаралт, тоглолтын бэлтгэл ажилдаа зарцуулсан зарлагаа нөхөх зэрэгт санаа зовох зүйлгүй ээлж, дараалан тоглолтоо хийдэг болжээ. Энэ л жишгээр Ice top хамтлагийн "Шүтээн минь" тоглолтыг “Skin Entertainment” худалдан авч, зохион байгуулжээ.