Монгол соёл, ёс заншил, ондоошлыг гар урлалаар дамжуулан дэлхийд таниулах, хойч үедээ өвлүүлэн үлдээх эрхэм үйлийг хийж яваа нэгэн иргэнтэй бид энэ удаа ярилцлаа. Түүнийг А.Баасансүрэн гэдэг бөгөөд ноос, ноолуураар уран зураг бүтээж, Монголдоо байтугай дэлхийд анхдагч бүтээл туурвиж яваа нэгэн юм. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.
ВИДЕО:
-Ноос, ноолуураар уран бүтээл туурвих санаа анх төрсөн тэр үеэс хоёулаа яриагаа эхэлье?
-Миний хувьд эсгий урлалын энэ төрлөөр бараг сүүлийн 29 жил ажиллаж байна. Оюутан байхаасаа эхлээд л сонирхож эхэлсэн. Эхлээд ноосоор зулмал эсгий зураг хийдэг байсан. Ер нь эсгий зураг нь амьд, ширхэгт материал гэдгээрээ их өвөрмөц байдаг. Тэр технологийг хөгжүүлээд уран бүтээлийн зураг руу оруулбал ямар байх бол гэж нэлээд олон жил туршсан. Энэ явцдаа ноосны ширхэг бүдүүн ширхэгтэй байдаг учраас учраас зурагаа илүү нарийвчлалтай хийхийн тулд ноолуураар хийж болох юм гэдэг санаа төрж, туршиж явсаар 2006 оноос эхлэн ноолуураар дагнаж уран зураг хийдэг болсон.
-Ноолуураар уран зураг хийдэг гэж өмнө нь ер нь сонсож байгаагүй. Ер нь Монголд танаас өөр энэ чиглэлийн бүтээл хийдэг хүн байдаг болов уу?
-Ноолуураар уран бүтээлийн зураг хийдэг хүн Монголд байтугай дэлхийд байдаггүй юм билээ.
-Хийдэг технологи нь их сонирхолтой санагдаж байна л даа. Та бидэнд хийдэг технологио танилцуулж болох уу?
-Ноос, ноолууран зургийг Монгол уламжлалт ноос зулах, эсгийрүүлэх арга дээр үндэслээд хийж байгаа гэсэн үг. Эхлээд хадны сүг зураг ч юм уу арай хялбар зураг хийж байгаад илүү нарийвчлалтай зураг хийхийн тулд ноосны ширхэгийг хөдөлгөөнгүй, байрлалыг алдагдуулахгүйгээр яаж эсгийрүүлэх вэ гэж туршиж явсаар ер нь хөдөлгөхгүй байхын тулд зураглал нь доороо байх нь зүйтэй гэж үзсэн.
-Тэгэхээр уран зургаа хийж байх явцдаа нүүрэн талыг нь хардаггүй гэсэн үг үү?
-Тийм. Ер нь нэг зургийг эхлүүлэхдээ бүх зүйлээ тооцоолоод, зурагаа дуусан дуустал алдах эрхгүйгээр л хийнэ гэсэн үг л дээ. Зураг дуусаад илээд, эсгийрүүлсний дараа л зургаа харах боломжтой.
-Ноолуураар хийсэн уран зураг гараар зурсан уран зургаас юугаараа ялгаатай, илүү онцлогтой байдаг юм бэ?
-Ноос, ноолуураар хийж байгаа зураг нь ширхэгтэй, амьд материалаар хийдэг учраас өөрийн гэсэн агшаалт, илэлтийн үр дүнд будаг найруулаад зурж байгаагаас дутахгүй, зарим талаараа илүү байдаг. Ноос, ноолуураа өөрсдөө өнгөнд оруулаад хийдэг учраас зарим үед төсөөлөөгүй гоё, мөн дээрээс нь давтагдашгүй өнгө, дүрс гардаг л даа. Ноолууран болон ноосон зургийг зулж хийгээд ахиад яг тэр хэмжээ, өнгөөр хийх боломжгүй учраас л давтагдашгүй байдаг.
-Өнгийг яаж гаргаж авдаг бол?
-Ноос ноолуураа өнгөнд оруулдаг. Ер нь өнгөнд оруулахдаа нэг зурганд хэдэн өнгө орж байгааг тооцоолох боломжгүй байдаг. Ноос, ноолуурыг чанаж буддаг учраас минут, секунд бүрээр өнгөний тонн өөрчлөгддөг юм. Тэгэхээр маш олон өнгө гаргах боломжтой.
-Технологиор энэ урлалыг хийх боломжтой юу?
-Боломжгүй л дээ. Гараар эсгийрүүлж, нэг бүрчлэн ширхэг бүрийг гараараа зулж 100 хувь хүний гараар хийдэг.
-Нэг бүтээлд хэмжээнээсээ шалтгаалаад хэр хугацаа зарцуулдаг вэ?
-Бүтээлүүдэд хугацааг тооцох боломжгүй. Учир нь тэр зургийг хийх явцад эхнээс нь ийм өнгө орно гэж тооцох боломжгүй байдаг. Иймд зургийн явц дундаа өнгө оруулдаг учраас заримыг нь хоёр сар, гурван сар хийх нь ч бий.
-Дэлхийд анхдагч технологи юм байна шүү дээ. Бүтээлийг нь харсан хүмүүс ямар сэтгэгдэл хэлдэг бол?
-“Гайхалтай юм аа, ийм зүйл хараагүй юм байна” гэсэн зүйлийг их хэлдэг. Ерөөсөө л гайхаад байдаг байхгүй юу. Монголчууд ч өөрсдөө нэг их хараагүй байдаг юм. 100 хүний нэг нь л мэддэг. “Ийм зургийг Монголд ингэж хийдэг болчихсон юм уу” гэж асуух хүн маш олон. Миний хувьд Америкт үзэсгэлэнгээ гаргаж байсан. Мөн Английн парламентын ордонд бичил үзэсгэлэнгээ гаргаж байлаа.
Ер нь гаднын дөрөв, таван хотод үзэсгэлэнгээ гаргасан. Гадаад үзэсгэлэнд явах үед уран бүтээлүүдийг маань хүмүүс нэлээд сонирхож, худалдаж авдаг.
-Зурагаа ардаас нь харж хийдэг учир бодож, тооцоолсноос тань өөр болох тохиолдол бий юу?
-Араас нь хийж байгаа тохиолдолд өөрөө төсөөлж, өнгө, гэрэл, сүүдрээ тавьдаг. Тэгэхээр ихэнх үед санаснаас илүү болсон тохиолдол л их байдаг.
-Эсгий урлал бол Монголчуудын өв соёл. Энэ зүйл мартагдаж орхигдож байгаа зүйл бий болов уу?
-Эсгий урлал нь хүн төрөлхтний анхдагч хэрэглэгдэхүүнүүдийн нэг. Хүн үүссэн тэр үеэс л ноос ноолуурыг эсгийрүүлж ашиглаж ирсэн. Тэгэхээр урлалын эхлэл нь эсгий урлал гэж би боддог. Тийм учраас эрт үеэс уламжилж ирсэн энэ сайхан өвөө мартуулахгүйн тулд илүү хөгжүүлж, хойч үедээ өвлүүлнэ гэж боддог. Ийм үйлийг хийж яваадаа ч их баярладаг даа.