УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Татварын багц хуультай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Татварын багц хуулийн төсөлтэй холбоотой олон нийтэд буруу ойлголт өгч байгаа хэд хэдэн асуудалд тайлбар өгье.
1. Хассуурийн Ганхуяг тэргүүтэй УИХ-ын найман гишүүн ХХОАТ-ыг 20 хувь болгох гэж байна гэдэг нь худал мэдээлэл. 2022 оноос хойш ХХОАТ “Хувь хүний орлогын албар татвар”-ын хуулиараа 10,15,20 хувийн шатлалтай болсон хэрэгжиж байгаа. Төсвийн хуулийг дагуулж энэ татвар нэмэгдсэн нь бага, дунд орлоготой иргэдэд илүү ачаалал өгч байна гэдэг үүднээс ажлын хэсгийн гишүүд орлогоос хамааран бууруулах зохицуулалтыг хуульд тусгасан. Тэглээ гээд өндөр орлоготой иргэдээс их татвар авна гэсэн үг биш гэдгийг онцолъё.
2. Өчигдөр Татварын багц хуулийн төсөлтэй холбоотой зөв мэдээлэл өгөх үүднээс хэвлэл, олон нийтэд маш дэлгэрэнгүй тайлбар өгсөн. Гэвч зарим хэвлэл нийт иргэдийн 80 гаруй хувь нь 3 сая хүртэлх төгрөгийн цалинтай гэдэг хэсгийг дутуу мэдээлснээс болж буруу ойлголт өгч байна. 3 хүртэлх сая төгрөгийн цалин гэдэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянгаас эхлээд 1сая, 1.5 сая, 2 сая, 2.5 сая гээд хувь хүний ажил мэргэжлээс хамаараад 3 сая хүртэлх төгрөг авч байгаа бүх хүнийг хэлнэ. Ажлын хэсгийн зүгээс 4 их наяд төгрөгийн татварын хөнгөлөлт хийхээр тооцсон. Энэ хэмжээгээр иргэдэд очиж байгаа татварын ачаалал буурна.
ХХОАТ, НӨАТ дээр:
- 800 мянган төгрөгийн цалинтай хүн 13 хувийг татварт өгч байгаа бол 0.8 хувь болно
- 1.5 сая төгрөгийн цалинтай хүн ХХОАТ, НӨАТ-т 202 мянган төгрөг өгч байгаа бол 2 дахин буурна
- 3.5 сая төгрөгийн цалинтай хүн 488 мянга буюу 14 хувийг татварт өгч байгаа бол 9.5 хувь болно
Одоогийн хуулиар жилийн 180 сая төгрөгөөс дээш орлоготой хүн 20 хувийн татвар төлж байгаа. Шинэ төслөөр 360 сая төгрөгөөс дээш орлоготой хүн 20 хувийн татвар төлөхөөр тусгаад байна. Миний мэдээллийг зориуд мушгиж олон нийтийг бухимдуулах нэг биш удаагийн тохиолдол гарч байгаа тул иргэд маань үнэн зөв мэдээлэл авч шүүлтүүртэй хандаарай гэж хүсье" гэжээ.