Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэнийг Киргиз Улсад саатуулан, цагдан хорьж байна

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэнийг Киргиз Улсад саатуулан, цагдан хорьж байна

Монгол Улсын Засгийн газраас "Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Киргиз Улс хоорондын гэрээ”-ний төслийг УИХ-д өргөн бариад байгаа билээ. 

Тодруулбал, Бүгд Найрамдах Киргиз Улстай "Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хооронд эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ"-г 1999 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Бишкек хотноо байгуулсан ба уг гэрээнд гэмт этгээд шилжүүлэхтэй холбогдох харилцааг ерөнхий байдлаар зохицуулсан байсан аж. Дээрх харилцааг илүү тодорхой, нарийвчлан зохицуулах тухай саналыг анх Киргизийн талаас гаргаж, “Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Киргиз Улс хоорондын гэрээ”-ний төслийг ирүүлсэн бөгөөд манай талаас өөрийн саналыг хүргүүлж хамтран ажилласнаар Талууд гэрээний төслийг эцэслэн тохироод байгаа юм байна.

Тэгвэл Бүгд Найрамдах Киргиз Улсад манай улсын хоёр иргэн саатуулагдаж байгаа аж. Тодруулбал, 

  • Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн хэргээр хорих ял эдэлж байгаа 1 иргэн,
  • Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж байгаад саатуулагдсан 1 иргэн байгаа юм байна. 

Үүнээс гадна хоёр улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн хугацаанд Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж байсан Киргиз Улсын нэг иргэн (2024 он)-ийг манай улс шилжүүлэн өгсөн бол Киргиз Улс манай улсын 2 иргэн (2024, 2025 он)-ийг тус тус шилжүүлэн өгчээ.