Ард кино театрын талбайг нийтийн эзэмшилд авах Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Гэсэн ч тус газрыг эзэмшдэг хувьцаа эзэмшигчдийн хувьд хотын дарга нарын эргэж буцсан шийдвэр болоод дарга солигдоход өөрчлөгддөг нөхцөл байдлыг эсэргүүцэж буй. Цаашлаад энэ бол хувийн өмчид халдсан шийдвэр хэмээн үзэж байгаа юм. Зарим УИХ-ын зарим гишүүн ч тус хотын даргын шийдвэрийг шүүмжлээд амжжээ. Тэгвэл тус газрын өмчлөгч “Од Театр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Төгөлдөртэй цаг үеийн асуудлаар байр суурийг нь сонслоо.
ВИДЕО:
-ХОЛБОГДОХ ХУУЛИЙН ДАГУУ 25 БАЙГУУЛЛАГЫН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ-
-Танай компани тус газрыг хэдэн онд худалдаж авсан бэ. Өнөөдөр яг ямар нөхцөл байдалтай байна.
-Ард кино театрыг ардчилал гарч, өмч хувьчлал эхэлснээр Д.Сосорбарам гуай худалдан авсан байдаг. Улмаар тус театрыг хувьчлах 2004 оны Нийслэлийн иргэдийн хурлын тогтоол гарсан байдаг. Ингээд 2021 онд манай компани хуулийн ферм ажиллуулж, зохих хууль журмын дагуу худалдаж авсан. Анх авахад мэргэжлийн хяналт зэрэг холбогдох байгууллагуудын дүгнэлт нь гарчихсан байсан. 1965 оны барилга шүү дээ. Насжилт нь дуусчихсан цаашид ашиглах боломжгүй барилга. Улмаар 2021 онд А даалгавраа авсан. 2022 онд загвар зургаа батлуулсан. Нийслэлийн холбогдох байгууллагууд хууль журмын дагуу байна гэж үзээд А даалгавар болон загвар зургийг батална шүү дээ. Улмаар барилга эхлэх зөвшөөрлөө хүлээгээд нийт талбайг хашаалсан нөхцөл байдалтай байна.
-Тус газарт яг ямар барилга барихаар төлөвлөж, зураг төслөө батлуулсан бол.
-Яг одоо бол барилга эхлүүлэх технологийн шаардлагын дагуу нийт талбайг хашаалсан. Энэ газарт нийт 25 давхар IBC Tower буюу дотроо кино театр консепцтэй Улаанбаатар хотын санхүү бизнесийн төв барина. 25давхар барилгын техникийн нөхцөлүүд, барилгын зураг, хөрөнгө оруулалт зэрэг бүгд хуулийн дагуу баталгаажаад А даалгавраа авсан гэдгийг дахин тодотгоё. Доошоо 1-3 давхар авто зогсоолтой байна. Гадна талбайдаа зогсоолгүй гэсэн үг. Газар суурь, бэхэлгээ зэрэг ажлууд хийгдэнэ. Ийм учир аюулгүй байдлын үүднээс нийт талбайг хашаалсан нөхцөл байдалтай байна.
-ТҮҮХ СОЁЛЫН ҮНЭТ ӨВ БАЙХГҮЙ ГЭХ ДҮГНЭЛТ БИЙ-
-Ногоон байгууламжийн асуудлыг тодотгож буй. Тус төсөлд ногоон байгууламжийн асуудлыг хэрхэх вэ?
-Тус кино театрын гадна ногоон байгууламж яг одоо бол нийт 900 метр.кв. Харин төслийн хүрээнд 1400 метр.кв талбайд ногоон байгууламж бий болгохоор төлөвлөсөн. Ингэхдээ усан оргилуур, хүүхэд залуус тоглох талбай зэргийг бүгдийг нь мэдээж багтаана. Аливаа төсөл хөтөлбөр одоогийн нөхцөл байдлыг улам л сайжруулах гэж хичээнэ шүү дээ. Ногоон байгууламжгүй болгох асуудал байхгүй. Холбогдох дүрэм журамдаа хэдэн хувьд нь ногоон байгууламж байх ёстой гэдгийг ч заачихан байдаг.
-Энд барилга барих нь өв соёлын эсрэг гэмт хэрэг гэж шүүмжилсэн хүмүүс ч бий. Та энэ асуудал дээр юу хэлэх вэ?
-Энэ барилгат соёлын өвтэй холбоотой ямар ч зүйл байхгүй. Холбогдох байгууллагын дүгнэлт ч бий. Суурьшлын бүсэд байрлалтай түүх соёлын үнэт өв байхгүй гэдгийг гээд маш тодорхой биччихсэн байгаа. Бидэнд бүх баримт нотолгоо хангалттай бий.
-ТӨР ХУВИЙН ХЭВШЛЭЭ ХААЖ БООХ БУС ХАМТРАХ ЁСТОЙ-
-Нийслэлээс гарсан нийтийн эзэмшилд авах шийдвэрийг та юу гэж харж байна вэ. Яагаад гэнэт ийм шийдвэр гаргаж байгаа юм бол?
-Хувийн хэвшлийн байгууллагыг тодорхойгүй шалтгаанаар ингэж хааж, боогоод байж болохгүй байх. Энэ төслийн эхлүүлсэн 2021 оноос 25-30 байгууллагаас холбогдох хуулийн дагуу зөвшөөрөл авсан. Таван жилийн хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгө мөнгөний асуудал энд яригдаж байна. Төр хувийн хэвшил хамтарч ажиллах ёстой. Нийслэлийн холбогдох байгууллагууд манай төслийг маш сайн мэдэж байгаа. Ялангуяа, ямар барилга баригдах, бид ямар хууль журмын явж ирснийг хотын ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр гэдэг хүн тэр дундаа маш сайн мэднэ. Энэ бол хувийн хэвшлийг хааж боогдуулж буй хэлбэр.
-Та бүхэн одоо ямар шийдвэр гаргах вэ. Эцсийн дүндээ хэн буруутайг шүүх л тогтооно. Шүүхэд хандах уу?
-Манай компани таван хувьцаа эзэмшигчтэй. Бүгд монгол залуус. Бидний зүгээс энэ төсөөлд өнгөрсөн таван жилийн хугацаанд хүч хөдөлмөр, хөрөнгө, цаг хугацаагаа хангалттай зарцуулсан. Зөвхөн барилгын зураг төсөл боловсруулахад 500 сая төгрөг зарцуулсан байна. Энэ бүхэн ингээд үнэгүйдэх гээд байна лдаа. Бид энэ бол зөв зүйтэй төсөл гэж үзэж байгаа. Саяны А даалгавар цуцлах, тус газрыг нийслэлд буцааж авах шийдвэрийг хууль бус гэж үзээд шүүхэд хандсан. Бүх хууль журмын дагуу нийслэлийн холбогдох байгууллагууд зөвшөөрөл олгочхоод дарга солигдоход шийдвэр өөрчлөгддөг байж болохгүй. Ард кино театр хэвээрээ л байна. Чиглэл өөрчлөгдөхгүй. Харин сайжруулж шинэчилж байна гэдгийг ойлгох хэрэгтэй.