Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +13…+18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн өмнөд, Дорнод-Дарьгангын тал нутгаар +24...+29 градус, бусад нутгаар +17...+22 градус дулаан байна. Улаанбаатарт үүлэрхэг. Дуу цахилгаантай бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +19...+21 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.