УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нь Татварын багц хуулийг шинэчлэх УИХ дахь хэсгийг ахлан ажилласан. Ингэхдээ тэрбээр аж ахуй нэгж, хувь хүний санхүүгийн эрхийг хамгаалахаас илүү Сангийн яам, Засгийн газрын эрх ашгийг хамгаалж ажиллаж байна гэх шүүмжлэлд их өртсөн.
-360 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ОРЛОГО ОЛБОЛ 20 ХУВИЙН ХҮН АМЫН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАР ТӨЛНӨ-
Тодруулбөал, Татварын багц хуулийн хүрээнд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Т.Аубакир нарын найман гишүүн “Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг боловсруулсан.
Ингэхдээ Хувь хүний орлогын албан татварыг 20 хувь болгон нэмэгдүүлэх өөрчлөлтийг оруулжээ. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар иргэд 10 хувийн хүн амын орлогын албан татварыг улсад төлдөг.
Өөрөөр хэлбэл, 3 сая төгрөгийн цалинтай хүн 300 мянган төгрөгийн татвар төлдөг. Хэрвээ үүнийг нэг хувь болгон бууруулбал 30 мянган төгрөгийн татварыг улсад төлж үлдсэн 270 мянган төгрөгийг өрхийн амьжиргаандаа зарцуулах юм. Зарим эдийн засагчид хувь хүний орлогын албан татварыг 1 хувь болгон бууруулах нь хамгийн бодитоор өрхийн санхүүжилтийг дэмжих хэлбэр гэж тайлбарладаг. Гэтэл Х.Ганхуяг нарын боловсруулсан энэхүү хуулийн төсөлд 0-120 сая төгрөгийн орлогод 10 хувиар, 120-180 сая төгрөгийн орлогод 12 хувиар, 180-240 сая төгрөгийн орлогод 14 хувиар, 240-300 саяын орлогод 16 хувиар, 300-360 саяд 18 хувиар, 360 ба түүнээс дээр орлогод 20 хувиар татварыг нэмэгдүүлэн төлөхөөр тусгажээ.
-ТАТВАР НЭМЭГДҮҮЛЭХ ХУУЛИЙН САНГИЙН ЯАМНЫ ЗАХИАЛГААР БОЛОВСРУУЛСАН БАЙХ МАГАДЛАЛТАЙ -
Дээрх хуулийн гол автор УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нь өнгөрсөн 2024 оны нэгдүгээр сараас хойш Татварын багц хуулийн танилцуулгыг иргэд, аж, ахуй нэгжүүдэд хийж яваа. Ингэхдээ Хувь хүний орлогын албан татварын хуулийг дэлхийн бусад улс орнуудын жишигт хүргэнэ. Бага дунд орлоготой иргэдийн татварын ачааллыг бууруулах бодлого баримтална. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хувь хүний орлогын албан татварын шаталсан хөнгөлөлтийг эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж, олон улсын жишигт нийцүүлнэ. Бага орлого олж буй иргэнд хөнгөлөлт үзүүлж, их орлоготойгоос нь их татвар авна зэргээр ярьж байсан. Тэгвэл түүний ярьсан дээрх нэмэгдүүлсэн татварын тооцоолол аж. Ингэхдээ тэрбээр тус хуулиа зөвөөр ойлгуулах жижигхэн заль ашигласан байх магадлалтай бөгөөд тэр нь хөнгөлөлт юм. Тодруулбал, тэр хөнгөлөлт нь жилийн 6 сая төгрөгт 240 мянгын, 12 хүртэлх саяын орлогод 216 мянгын, 18 сая хүртэлх орлогод 192 мянгын, 24 сая хүртэлх орлогод 168 мянгын, 30 сая хүртэлх орлогод 144 мянгын 36 сая хүртэлх орлогод 120 мянгын татварын хөнгөлөлт үзүүлэх тухай юм. Үүнээс үзвэл жижиг чулуугаар том чулууг хөдөлгөх аргыг ашиглаж бага хөнгөлөлтийн цаана их татвар бүрдүүлэх заль ашигласан байх магадлалтай байна.
Энэ нь төсвийг бүрдүүлэх гэсэн Сангийн яамны захиалга ч байх магадлалтай. Учир нь Х.Ганхуяг, Т.Аубакир нар нь Сангийн сайд Б.Жавхлантай улс төрийн хүрээнд маш ойр ажилладаг. Цаашлаад Сангийн сайд Б.Жавхлангийн дэмжлэгээр Т.Аубакирыг Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд болгосон гэх мэдээлэл байдаг. Тэгэхээр тэд албан тушаалын наймаагаар нийтийн эрх ашигтай шууд холбогддог татварыг нэмэгдүүлэх өөрчлөлтийг хуульд оруулсан байх магадлалтай байгаа юм. Хуулийн төслийн дэлгэрэнгүйг ЭНД дарж унших.