Нийслэлээс олон жилийн турш алдагдсан өмч хөрөнгүүдийг эргүүлэн авах, ашиглалтыг нь сайжруулах, дахин төлөвлөх, дуудлага худалдаагаар борлуулж, олсон орлогоор нь сургууль, цэцэрлэг барих, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх зэрэг ажлыг үе шаттай хийж байна.
Тухайлбал, нийслэлийн өмчид бүртгэлтэй ч бусдын хууль бус эзэмшилд олон жил болсон НЗД-ын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах эмийн үйлдвэрийн 3150 ам.метр газрыг чөлөөлсөн. Уг газрыг “Эхлэл брэнд” ХХК-д 9.3 тэрбум төгрөгөөр дуудлага худалдаагаар борлуулж, олсон орлогоор нь Улаанбаатар хотод зогссон, санхүүжилт нь шийдэгдэхгүй байгаа сургууль, цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулсан. Нийслэлээс 15 сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахад ийнхүү дэмжлэг үзүүлсэн.
Түүнчлэн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, хуучнаар Шуудангийн 24 дүгээр салбарын барилгыг “Вирео үсрэлт” ХХК нээлттэй дуудлага худалдаагаар худалдаж авч, 1.6 тэрбум төгрөгийн үнэд хүрээд байна. Тэгвэл уг 1.6 тэрбум төгрөгийн орлогоор сургууль, цэцэрлэгийн сандал, ширээ, зөөлөн эдлэл, тоног төхөөрөмж зэргийг шийдвэрлэхээр болсныг НЗДТГ-ын дарга Д.Амгалан хэллээ.
Тэрбээр “Хичээлийн шинэ жил эхлэх гэж байхад сандал, ширээ, тохижилт, тоног төхөөрөмжгүй учраас ашиглалтад орж чадахгүй 17 сургууль, 20 цэцэрлэг байна. Эдгээр сургууль, цэцэрлэгт 15000 гаруй хүүхэд сурч боловсрол эзэмших боломжтой. Тэдгээрийн сандал, ширээ, тоног төхөөрөмж, хатуу, зөөлөн эдлэлд алдагдсан өмчийг эргүүлэн аваад олсон орлогоо зарцуулна. Цаашид ч нийслэлээс алдагдаж, эзэнгүйдсэн барилгуудаа өмчдөө эргүүлэн авах ажлыг зохион байгуулна” гэлээ.