СЭМҮТ-ийн эмч нар сэтгэц, мэдрэл, донтолтын чиглэлээр ЧД-ийн эмч нарт дөрвөн өдөр сургалт орно

СЭМҮТ-ийн эмч нар сэтгэц, мэдрэл, донтолтын чиглэлээр ЧД-ийн эмч нарт дөрвөн өдөр сургалт орно

Сэтгэцийн эрүүл мэндийн төв тусламж, үйлчилгээгээ олон нийтэд хүртээмжтэй болгох зорилгоор Эрүүл мэндийн яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран “Сэтгэц, мэдрэл, донтолтын тусламж үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх” сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна. 2022 оноос эхлэн хэрэгжиж буй энэхүү сургалт нь анхан болон үндсэн шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулагдсан хөтөлбөр юм.

Энэ удаа тус сургалтыг Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв болон тус дүүргийн өрхийн эмнэлгийн удирдлага, эмч, сувилагч нарт зориулан 2025 оны 08 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ. Сүүлийн жилүүдэд сэтгэцийн эмгэгийн улмаас тусламж үйлчилгээ авч буй иргэдийн тоо нэмэгдэж байгаа хэдий ч энэ чиглэлийн хүний нөөц хомсдолтой, мөн сэтгэцийн эмч нарын 60 орчим хувь нь СЭМҮТ-д ажилладгаас төвлөрөл үүсдэг. Энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор аймаг, сум, дүүргийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сэтгэцийн зонхилон тохиолдох эмгэгүүдийг оношлох, эмчлэх, хянах чадварт сургаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 800 гаруй эмч, мэргэжилтнүүд энэхүү сургалтад хамрагдаад байгаа юм.