Япон улсаас Украинд суугаа элчин сайд “Би Киевээс гарч явахгүй” гэсэн нь худал мэдээлэл

Япон улсаас Украинд суугаа элчин сайд “Би Киевээс гарч явахгүй” гэсэн нь худал мэдээлэл

Ерөнхий сайд асан С.Баяр 2022 оны 2-р сарын 24-ний өдөр твиттер хуудаснаа “Япон улсаас Украинд суугаа элчин сайд “Би Киевээс гарч явахгүй, суугаа орноо хамгаалах нь самурайн үүрэг” гэж мэдэгдээд түүнд өвлөгдөн үлдсэн эртний саймурайн өмсгөл, сэлэмтэй зургаараа пост хийж” хэмээн жиргэжээ.

Энэхүү жиргээг 536 хүн таалж, 147 хэрэглэгч түгээсэн байна. Уг пост дээрх зураг үнэн эсэхийг нягтлах хүсэлт ирсний дагуу нягталлаа.

FactCheck:

С.Баяр твиттерт “fotoshuma” гэх хаягаар түгээсэн зургийг хуваалцжээ. Зургийн тайлбарт “Япон улсаас Украин улсад суугаа Элчин сайт Киевээс явахгүй үлджээ. Тэрбээр өвөөгийнхөө самурай сэлэм болон хуяг дуулгыг Японоос авчруулан өмсөөд самурай өөрийн байгаа улсаа хамгаалах ёстой хэмээсэн” гэсэн байна.

Ингэхдээ фэйсбүүкт “Кirill Zavadskiy нэртэй хэрэглэгчийн Украин хэл дээр оруулсан постыг мөн түгээжээ. Уг постыг хайж үзвэл Кirill Zavadskiy нэртэй хэрэглэгч 2022 оны 2-р сарын 23-ны 4 цагт “Украинд суугаа Японы элчин сайд Киевт үлдэж, элэнц өвөөгийнх нь самурай сэлэм, уламжлалт хуяг дуулга зэргийг Токиогоос авчирсан байна. Тэднийг далдалсан тэрээр самурайчууд өөрийн байгаа улсаа хамгаалах ёстой гэж тунхаглав! Японд алдар суу! Украинд алдар суу!” гэсэн мэдээллийг уг зургийн хамт оруулсан байна.

Үүнийхээ дараа буюу 9:10 цагт постынхоо агуулгыг өөрчилж “Бид юуны төлөө тэмцэж байгаагаа мэдэж байгаа, гэхдээ Орос мэдэж байна уу? ” Японд суугаа Украины элчин сайд самурай шиг хувцасласан. Украинд алдар !!!” хэмээн өөрчилжээ.

Зургийг нягталж үзвэл Япон Улсаас Украинд суугаа элчин сайд бус Украин улсаас Япон улсад суугаа Элчин сайд Сергей Корсункигийн энэ мягмар гарагт авахуулсан зураг байв.

Тэрбээр япон самурайн өмсгөл зүүсгэлийг өмсөж, сэлмийг барин зураг авахуулсан бөгөөд “Бид юуны төлөө тулалдаж буйгаа мэднэ. Харин Орос? Хэмээн твиттер хуудаснаа зургаа оруулсан байна. Өөрөөр хэлбэл, дээрх жиргээ нь ташаа мэдээлэл байна. ОХУ Украин руу цэргээ оруулж, довтолсонтой холбоотой цахим орчинд маш олон видео бичлэг, зураг нийтлэгдэж байгаа бөгөөд хуурамч мэдээллүүд ч их түгсээр байна. Иймд мэдээллийг үнэн гэж хүлээн авахаасаа өмнө нягталж шалгаж байхыг зөвлөж байна.

ЭХ СУРВАЛЖ: FACTCHECK