Ө.Шижир: МАН-ын сонгуулийн схем “Хэсгийн ахлагч” нарт дөрвөн жилд 120 тэрбумыг татвар төлөгчдийн мөнгөнөөс зарцуулдгийг болиулахаар ажиллаж байна

Ө.Шижир: МАН-ын сонгуулийн схем “Хэсгийн ахлагч” нарт дөрвөн жилд 120 тэрбумыг татвар төлөгчдийн мөнгөнөөс зарцуулдгийг болиулахаар ажиллаж байна

УИХ-ын гишүүн Д.Батбаяр тэргүүтэй Ардчилсан намын гишүүд "Хэсгийн ахлагч" гэх орон тоог хасахаар хуулийн төсөл боловсруулж буй бөгөөд одоо судалгааны шатандаа ажиллаж байна. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ө.Шижир, С.Цэнгүүн, Ч.Лодойсамбуу нарын гишүүд ажиллаж буй бөгөөд хаврын чуулганд багтаан дээрх хуулийн төслийг өргөн барих аж. 

"Хэсгийн ахлагч" нь Үндсэн хуульд заагаагүй засаг, захиргааны нэгжийн бус ажлын байр юм. Уг ажлын байрыг НИТХ-ээс тогтоол гарган бий болгосон бөгөөд жил бүр нийслэлийн төсвөөс 30 тэрбумыг тэдний урамшуулалд зарцуулдаг. Зөвхөн нийслэлийн хэмжээнд 1955 хэсгийн ахлагч ажиллаж байна. Тэдний хувьд МАН-ын сонгуульд ялах гол технологи нь бөгөөд айлуудыг халамжид хамруулах, сонгуулийн үеэр ятгах цаашлаад мөнгө тараах зэргийг ажлыг хийх гол үүргийг гүйцэтгэдэг гэх нийгмийн шүүмжлэл байдаг. Тиймээс иргэдийн саналыг худалдаж авахгүйгээр шударга сонгуулийг явуулахын үүнийг заавал засах шаардлага бий болж буй. Энэ талаар Ардчилсан намын ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй ярилцлаа. 

ВИДЕО: 

-УИХ-аар 2026 оны улсын төсвийг баталлаа. Удалгүй нийслэлийн төсвийг батална. Нийслэлийн төсөвт "Хэсгийн ахлагч" нарын урамшуулалд гээд 30 тэрбумыг төсөвлөдөг. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс "Хэсгийн ахлагч" гэх ажлын байртай холбоотой асуудлыг хөндөж байгаа юм байна. Ингэхдээ ямар байдлаар зөв зохион байгуулалтад орох талаар судалж, хуулийн төсөл боловсруулж байгаа аж. Энэ талаар мэдээлэл өгөөч. Тус хуулийг санаачлах шаардлага юу байсан бэ? 

-Манай Д.Батбаяр гишүүн уг асуудалд их санаачлагатай ажиллаж байгаа. Эхний ээлжинд бүлгээс ажлын хэсэг гаран судалгаа хийж, хуулийн төсөл боловсруулахаар ажиллаж байна. Ер нь бол ийм юм. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль гэж бий. Энэ хуулиар Монгол Улсын нутагт дэвсгэрт ямар бүтцээр ямар үйл ажиллагаа явуулахыг тодорхойлдог. Тодруулбал, тус хуулийн 11 дүгээр зүйлд "Хороо нь иргэдэд хууль заасан үйлчилгээг үзүүлэх, өөрийн удирдлагад иргэдийн оролцоог хангах чиг үүрэг бүхий анхан шатны нэгж мөн" гэж заасан. 

-Хамгийн жижиг, анхан шатны нэгж нь хороо байна шүү дээ? 

-Тийм. Анхан шатны нэгж нь хороо.  Гэтэл НИТХ-ээс тогтоол гаргаад "хэсэг" гэдгийг нэмчихсэн бөгөөд түүндээ зориулж ажлын байрыг бий болгоод байна. Жишээ нь би Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны иргэн. Тэнд хороон дарга, ажилтан ажиллаж байгаа. Тэд тэнд байнгын орон тоон дээр ажилласныхаа төлөө цалин авдаг. 

Харин хэсгийн ахлагч нар буюу 1955 хүн цалин биш урамшуулал авдаг. 

Саяхан буюу 2025 оны гуравдугаар сарын 15-ны өдөр НИТХ-аас тогтоол гаргаад хэсгийн ахлагч урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоож 1.2 сая төгрөгт хүргэсэн. Байнгын бус бүтэц хийгээд түүнийгээ байнгын урамшуулаад байлгаад байна. Нэг жилд нийтдээ 30 орчим тэрбум төгрөгийг хэсгийн ахлагч нарын урамшуулал, үйл ажиллагаанд зарцуулж байна. Нийт 28 тэрбум төгрөгийг урамшуулалд бусдыг нь үйл ажиллагааны зардалд нь зарцуулдаг. Дөрвөн жилд 120 гаруй тэрбум төгрөг. Маш их мөнгө. Гэтэл нөгөө талд хороон даргын эрх, үүргийг хуулиар тогтоогоод өгчихсөн. Харин хэсгийн ахлагч нарынхаа ажлын эрх, үүргийг "хууль тогтоомжийг сурталчлах, судалгаа тоог цуглуулах" гэж зааж өгсөн. Гэтэл энэ бол хороон дарга болон хорооны ажилчдын хийх ажил юм. Ил задгай хог хаягдал үүсгэхгүй байх, тохижилт цэвэрлэгээнд иргэн аж, ахуй нэгжийг татан оролцуулах гэдэг нь мөн хорооны ажил. Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлэх гэдэг ч хорооны цагдаагийн ажил. Өөр мөн бусад чиг үүрэг гэсэн байна лээ. Бусад чиг үүрэг гэдэгт улс төрийн зорилгоор ажиллах л гэж би ойлгож байна. Үүнээс үзвэл хэсгийн ахлагч нар нь хороооны чиг үүргийг давхар эрхлээд байна шүү дээ. Тэгээд үүнийгээ дагаад хороо, хэсгийн ахлагч гэсэн хоёр бүтэц бий болчихлоо. 

-Тэгэхээр хэсгийн ахлагч нь Үндсэн хуульд заасан засаг, захиргааны нэгжийн бус ажлын байр байх нь. Та бүхэн хуулийн төсөл боловсруулахын оронд Үндсэн хуулийн цэцэд уг асуудлаар гомдол гаргаж болохгүй байсан уу. Ер нь энэ бүтцийг хэдэн онд, хэн даргын үед бий болгож байсан юм бэ? 

-Миний санаж буйгаар 2016 оноос эхлэлтэй. Мөн НИТХ-аас 2020 онд тогтоол гаргаж журмыг шинэчлэн баталсан. Ингэхдээ хэсгийн ахлагч нарын ажилчдын чиг үүргийг баталчихсан юм билээ. Мөнгөн дүнг нь бодоход л маш их байгаа биз дээ.

Нэг жилээр бодоход 30 тэрбум. Дөрвөн жилээр бодоход 120 тэрбум. Дахиад дөрвөн жилээр сунгавал яах юм. Урамшууллыг дахин нэмнэ гэвэл яах юм. Үндсэн хуулийн цэцэд хандвал цаг хугацаа их шаардагдах байх. Үндсэн хуулийн цэцэд хандвал урт хугацааны дараа шийдэгдэх магадлалтай. Цэц сая л онцгой нөхцөл гэж шуурхай хуралдсан болохоос асуудал бас удах талтай байдаг. 

-Та бид хоёрын яриад буй зүйл бол 1955 хүнийг ажил, орлогогүй болгох тухай асуудал биш юм. Та ч, би ч нийгмийн амьдралд "буцалдаг". Сонгууль өгдөг. Ер нь хэсгийн ахлагч нарыг ямар хэмжээнд ажилладгийг мэднэ. Тэд бол үндсэн чиг үүргээ биелүүлэхээс илүү хорооны иргэдийг халамжид хамруулах, мөнгө тараах байдлаар МАН-ыг дэмжүүлдэг схем. Үүнийг болиулахгүйгээр шударга сонгууль, парламентын ардчиллын талаар ярихад бэрх шүү дээ? 

Эрх баригч нам гурван сонгууль дараалж ялахаараа төрийн бүтэц, татвар төлөгчдийн мөнгийг ашиглаж сонгуулийн эрхийг авах бодол санаатай яваагийн нэг илрэл энэ юм. Ганц хэсгийн ахлагч нарыг яриад байгаа болохоос төрийн өмчит компаниудын бүтцийг ч ашигладаг. Энэ мэт төрийн албан хаагч, татвар төлөгчдийн мөнгө, хэсгийн ахлагч нар, тоног төхөөрөмж, машин гээд бүгдийг ашиглан сонгуульд ялахаар ажилладаг. 

-Нийслэлд 1955 хэсгийн ахлагч байна гэлээ. Орон нутагт ажиллаж буй хэсгийн ахлагч нарын тоог гаргасан уу? 

-Тоолоогүй. НИТХ хуралдаад хэсгийн ахлагч гэсэн орон тоог, урамшуулалттай нь баталчхаар орон нутгийнхан нь мөн дагаж хуралдаад батлаад байна шүү дээ. Муу жишиг тогтоогоод байгааг болиулахгүй бол хуульд заасан бүтцийн хажуугаар дахиад давхар орон тоо, санхүүгийн бүтцийг бий болгоод байна. Үүнийг хуулиар болиулна. Одоо хэсгийн ахлагч нэртэй бүтцийг бий болгосон. Дараа нь НИТХ хуралдаад өөр нэртэй өөр бүтцийг бас бий болгож болох нь байна шүү дээ. Баянзүрх гэхэд 46 хороотой, 513 хэсгийн ахлагчтай, Сонгинохайрхан дүүрэг 43 хороотой, 406 хэсгийн ахлагчтай гэж байна. 

-Энэ хуультай холбоотойгоор өөр ямар, ямар хуульд өөрчлөлт оруулах вэ? 

-Ер нь бол Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд өөрчлөлт оруулж таарах байх. 

-Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах уу. Ялангуяа ухуулагч нартай холбоотойгоор өөрчлөлт оруулах шаардлага бий гэж харж байгаа юу?

-Миний бие Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахаар бие даасан хууль боловсруулж байна. Хаврын чуулганы хугацаанд өргөн барьчих байх. Сонгуулийн тухай хуулинд 200 сонгогчид нэг ухуулагч байна гэж заасан. Энэ бол Үндэсний телевиз, Үнэн сонингоос өөр хэвлэл мэдээллийн хэрэгсэлгүй мэдээлэл технологи хөгжөөгүй байсан үе. Одоо бол хөдөөний малчинбүр зурагт, гар утсаараа мэдээллийг хурдан авч байна. Тэгэхээр 200 сонгогч тутамд нэг ухуулагч гэдэг тоог болиулах ёстой. Энэ ч өөрөө мөнгөтэй нь ял гэсэн сонгуулийн бүтэц. Харин мөнгө төлж хүн ажиллуулж чадахгүй хүний өмнөөс мөнгөтэй нь ухуулагч аваад ажиллуулж болно. Хуульчилж мөнгөний бүтцийг нь хийж өгөөд байна. Сая түүхэнд байгаагүй олон хүн нэр дэвшиж, иргэд нь хүртэл танихгүй байсны учир нь 200 сонгогч тутамд нэг ухуулагч ажиллуулна гэсэн заалттай холбоотой. Нөлөөтэй том намтай, сүлжээтэй, мөнгөтэй хүмүүс хуульд заасан цоорхойг ашиглаж мөнгөө тарааж байна шүү дээ. Иргэн, аж ахуй нэгжээс хандив аваад аудитын тайлангаа өгсөн 358 нэр дэвшигчээс хэвлэл, мэдээллийн хэрэгсэлтэй хамтарч ажиллаагүй олон хүн байна. Тийм боломж байх уу. Логикоор байх боломжгүй биз дээ. Энэ мэт тайлан нь хүртэл худлаа болоод байна. 

Ярилцсанд баярлалаа. 




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө