МАН-ЫН УЛС ТӨР: “Женкогийн сайд нар” гэх Л.Халтар, Г.Ёндон, Н.Уртнасан, Ч.Номин нарыг сэлгэн томилохгүй, огцруулна

МАН-ЫН УЛС ТӨР: “Женкогийн сайд нар” гэх Л.Халтар, Г.Ёндон, Н.Уртнасан, Ч.Номин нарыг сэлгэн томилохгүй, огцруулна

Энэ сарын 06-ны өдөр товлогдсон МАН-ын Их хурлын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шат дараатай хоёр том өөрчлөлтийг хийхээр төлөвлөсөн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Доорх өөрчлөлтийг хийх тохироогоор намын даргын суудлаа баталгаатай болгосон гэх.

-ЖЕНКО Х.БАТТУЛГЫН ХҮМҮҮС БУЮУ Ш.АДЬШАА, Н.ГАНИБИЛ НАРЫН ҮХЦ-Д ГАРГАСАН ГОМДЛЫН ХАРИУ ЭНЭ САРЫН 15-НД ГАРНА ГЭВ-

Тодруулбал,

  • Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах буюу зарим сайдыг огцруулах.
  • Бодлогын болон боловсон хүчний өөрчлөлтийг хийж нэг яаманд 5-6 жил ажилласан дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар, ТӨК, ТӨҮГ-ын газар, агентлагуудын дарга нарыг чөлөөлж, сэлгэн томилох.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Женко Х.Баттулгын хүмүүс буюу Ш.Адьшаа, Н.Ганибил мөн ХҮН-ын дарга Т.Доржханд нар “Давхар дээл”-тэй сайд нарын тоог нэммээр байна гэх агуулгаар Үндсэн хуулийн цэцэд гаргасан гомдлын хариу МАН-ын Их хурлын дараа энэ сарын 15-ны өдөр гарах аж. 

Тодруулбал, дээрх хүмүүс УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болох буюу “давхар дээл”-тэй сайд нарын тоог нэмэх агуулгаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан.

Харин Үндсэн хуулийн цэц тэдний гомдлыг хүлээж авах бөгөөд шийдвэрээ УИХ руу хүргүүлэхэд МАН-ын бүлэг дэмжих тохироо аль хэдийнээ хийгдсэн гэх. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авч буй мэтээр Засгийн газрын бүтэцдээ өөрчлөлт оруулах нь нэгэнтээ тодорхой болжээ.

-Г.ЁНДОН, Л.ХАЛТАР, Н.УРТНАСАН, Ч.НОМИН НАРЫГ ОГЦРУУЛНА-

Ингэхдээ Л.Халтар, Г.Ёндон, Н.Уртнасан, Ч.Номин нарын таван сайдыг огцруулах нь тодорхой болсон талаар МАН дотор яригдаж байна. Л.Халтар, Г.Ёндон нарыг сайдаас нь огцруулж дэд сайдад томилно гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан ч ийм зүйл болохгүй нь тодорхой. Учир нь сайдаар ажиллаж байсан хүмүүс амбиц, нэр хүнд, бардам зангаа бодсон ч дэд сайдын албан тушаалд очиж ажиллахгүй.

Хэрвээ ажиллавал улс төр дэхь “богино үгтэй онигоо" болно. Нөгөөтэйгүүр хэрвээ сайд нарыг огцруулж дэд сайдаар томилбол МАН-д бага хэмжээний бослого болно. Учир нь тус намд “хоолондоо орохоор” хүлээж буй ажилгүй олон хүн бий.

Тиймээс Л.Оюун-Эрдэнэ дээрх таван сайдыг явуулаад дараагийн сайд нараа УИХ-аас “давхар дээл”-тэй хүн сонгоно. Тэрбээр шинэ сайд нарынхаа нэрсийн хамт Цахим бодлогын яам, Эдийн засгийн хөгжлийн сайдыг УИХ-д оруулж ирж танилцуулна гэх мэдээлэл байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын сайд нарыг томилж, чөлөөлөх эрх мэдлийг Ерөнхий сайдад бүрэн өгсөн. Тэгэхээр хуучин сайд нараа явуулж, шинэ сайд нарыг томилох эрх мэдэл нь Л.Оюун-Эрдэнэд бий. УИХ танилцах л үүрэгтэй:

Үүний дараа бодлогын болон боловсон хүчний өөрчлөлтөөр нэг яамандаа 5-6 жил Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан хүмүүсийн тал хүртэл хувийг нь сэлгэн томилох;

Агентлаг, ТӨҮГ болон ТӨК-иудад 2016 хойш дарга, захирал хийсэн хүмүүсийг чөлөөлөх гэсэн үндсэн гурван чиглэлээр боловсон хүчний өөрчлөлт, шилжилтийг хийхээр төлөвлөсөн байна. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яамдын дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарыг дуудаж “Чи явна. Явахгүй” талаар ч ярьсан талаар эх сурвалжууд хэллээ. Ямартай ч МАН дотор бяцхан бужигнаан үүсч, Женкогийн сайд нарыг явуул гэх яриа идэвхжиж буй бөгөөд бүгд л албан тушаалд очих горьдлого тээн дараагийн ээлжинд орохоор гүйлдэж эхэлжээ.