“Nalaikh Bison” баг Т.Санчираас 100 сая төгрөг нэхэж, “чөлөөлөх бичиг” өгөхгүй байгаа тул тэрээр талбайд гарч чадахгүй болжээ

“Nalaikh Bison” баг Т.Санчираас 100 сая төгрөг нэхэж, “чөлөөлөх бичиг” өгөхгүй байгаа тул тэрээр талбайд гарч чадахгүй болжээ

Манай улс 1994 онд сагсан бөмбөгийн дээд лигийн анхны тэмцээнээ зохион байгуулж байсан түүхтэй. Тэгвэл үүнээс хойш 31 дэх удаагийн буюу 2025-2026 оны сагсан бөмбөгийн үндэсний дээд лиг энэ сарын 1 /2025.10.01/-ны өдөр нээлтээ хийж эхний тоглолтоо хийлээ.

Монголын сагсан бөмбөгийн холбооны томоохон зорилго, зорилтуудын нэг бол тамирчдаа олон улсын түвшинд өрсөлдөх боломжийг бий болгох байдаг. Энэ ч зорилгоо тодорхой хэмжээнд биелүүлж тамирчид олон улсад өрсөлдөж буй. Мөн түүнтэй зэрэгцэн манай улсын сагсан бөмбөгийн тамирчидтай, эзэн багууд өндөр дүнтэй гэрээ байгуулж, багтаа тоглуулах болсон нь сайшаалтай. Гэсэн хэдий ч зарим нь өндөр дүнтэй гэрээ өнгөн дээрээ байгуулж, олон нийтийн магтаал сайшаалыг хүртсэн ч начир дээрээ гэрээгээ биелүүлдэггүй жишиг тогтлоо.

-ОДОО ТОГЛОХ БАГААСАА “100 САЯ ТӨГРӨГ АВЧ ӨГ” ГЭСЭН ШААРДЛАГА ТАВЬЖЭЭ-

Тухайлбал,  Өнгөрсөн улиралд “Сэлэнгэ Бодонс”-ын зүгээс сагсан бөмбөгийн тамирчин А.Базаргүртэй 3 жилийн 450 сая гэрээ байгуулсан байдаг. Гэтэл өнгөрсөн зун буюу энэ оны зургаадугаар сарын 26 /2025.06.26/-нд “Сэлэнгэ Бодонс” баг А.Базаргүр нь гэрээний үүргээ зөрчиж, гэмт хэрэг үйлдсэн тул гэрээгээ цуцалж байна гэх мэдэгдлийг гаргаад өнгөрсөн. Үүний дараа сагсан бөмбөгийн тамирчин А.Базаргүр энэ нь худал мэдээлэл гэдгийг өөрийн цахим хуудсаар мэдээлсэн ч тэгэс хийгээд намжсан. Ингээд тухайн тамирчны цаг хугацаа, хөлс, хүч үгүй болсон гээд хэлэхэд хилсдэхгүй.

Тэгвэл энэ жишиг Гавьяат тамирчин Т.Санчираар үргэлжилж байгаа аж. Учир нь Т.Санчир энэ улиралд “ОмниЭрдэнэт Майнерс” багт нэгдэж буйгаа мэдэгдсэн. Ингээд тус багийн энэ улирлын эхний тоглолтыг Т.Санчирын шүтэн бишрэгч нар хүлээж байсан ч тэрээр талбайд гарч ирээгүй.

Тус тоглолтын дараа “Омни Эрдэнэт Майнерс” багийн ерөнхий дасгалжуулагч О.Баярцогт, “МУГТ Т.Санчир бол Монгол Улсын сагсан бөмбөгийн спортод хоёргүй сэтгэлээр зүтгэж, энэ салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсан залуу. Гэтэл энэ залууг “Nalaikh Bison” баг гэрээ хийж авчхаад гэрээний үүргээ биелүүлээгүй. Улмаар тус тамирчин багаас гарах гэтэл чөлөөлөх бичгээ өгөхгүй байна. Одоогийн тоглож буй багаасаа “100 сая төгрөг авч өг” гэсэн шаардлага тавьсан.

Гэрээний биелэлт үнэхээр 100 хувь байсан бол бид тус багтай тохиролцоход бэлэн. Мэдээж, сагсан бөмбөгийн спортод хөрөнгө оруулагч нар маш чухал. Тус багийн эзэн гэрээний үүргээ биелүүлээгүй учир тус гэрээ цуцлагдсан гэсэн үг шүү дээ. Бид бүүр болохгүй бол хууль, шүүхээрээ явна. Хууль, шүүхээрээ явлаа гэхэд ирэх 12-р сарын 1-нээс өмнө асуудал шийдэгдэхгүй. Ингэснээр Т.Санчир энэ улиралд тоглох боломжгүй болно гэсэн үг шүү дээ. Монголын сор болсон тоглогчийг ингэж хохироохгүй байх гэж найдаж байлаа. Энэ асуудалд би маш их бухимдалтай, сэтгэл дундуур байна” хэмээн мэдээлэл өгсөн.

-ТАМИРЧИД БУХИМДАН “SAVE SANCHIR” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖЭЭ-

Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр, “Nalaikh Bison” баг МУГТ Т.Санчиртай 3 жилийн гэрээ байгуулсан байна. Улмаар тус гэрээний хугацаа энэ улиралд дуусах байсан гэсэн үг. Гэсэн хэдий ч тус баг эхний жилд байгуулсан гэрээний нийт үнийн дүнгийн 50 хувийг, хоёр дахь жилд 40 орчим хувийг л өгчээ.” Иймд МУГТ Т.Санчир өөр багт тоглох болсон байна. Гэтэл өөр багт тоглох үед чөлөөлөх бичгээ өгөхгүй тоглогчийг хохироож буй нь харамсалтай. Зарим эх сурвалжууд, “энэ асуудлаар Т.Санчир “Nalaikh Bison” багийн удирдлагуудтай ойлголцох гэсэн ч чадалгүй, эцэстээ ам зөрсөн” тухай ч мэдээлж байна.

Харин “Омни Эрдэнэт Майнерс” багийн ерөнхий дасгалжуулагч О.Баярцогтын мэдэгдлийн дараа сагсан бөмбөг сонирхогчид бухимдаж эхэлсэн байна. Улмаар цахим орчинд #SaveSanchir гэх аян эхлүүлжээ.

Учир нь Гавьяат тамирчин Т.Санчир бол 2007 оноос хойш Үндэсний дээд лигт тоглож буй Монголын сагсан бөмбөгийн сор тоглогчдын нэг. Мөн нөгөө талд спортын нас богино, өдгөө 36 нас хүрч буй Т.Санчирын хувьд 3 жилээс илүүгүй сагсан бөмбөгийн талбайдаа тоглох хугацаа үлдсэн гээд хэлэхэд хилсдэхгүй. Гэтэл тус тамирчны 3 жилийн хөлс, хүчийг үгүй хийсэн “Nalaikh Bison” баг чөлөөлөх хуудсаа өгөхгүй энэ хэвээр байвал Монголын сагсаг бөмбөгийн сор тамирчны дахин нэг улирал талбайдаа гарч чадахгүй нь бололтой. Бид энэ асуудлыг бид эргэн мэдээлэх болно.




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө