Олон улсын ардчиллын өдрийг АН-аас анх удаа улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Мөн энэ жил Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохиож байгаа учраас ардчиллын үнэ цэнийг олон нийтэд сурталчлах, залуу үед ардчиллын тухай зөв ойлголтыг төлөвшүүлэх талаар олон уралдаан тэмцээн зохион байгуулахаар болсон аж. Энэ талаар АН-ын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Баттулгаас цөөн асуултад хариулт авлаа.
-Олон улсын ардчиллын өдрийн талаар иргэдийн ойлголт нимгэн байгаа. Учир нь Монгол Улс анх удаа тэмдэглэх гэж байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Өнөө жил Монгол Улсад ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохиож байна. Тиймээс манай намын зүгээс ойг угтаж, олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь Олон улсын ардчиллын өдрийг Монголд тэмдэглэн өнгөрүүлэх явдал юм. 2007 оноос хойш жил бүрийн есдүгээр сарын 15-ныг дэлхийн олон улс орон өөр өөрсдийн хэмжээнд өвөрмөц байдлаар тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Харин Монгол Улс анх удаа энэ өдрийг тэмдэглэх гэж байна. Өөрөөр хэлбэл, НҮБ-аас зарласан “Олон улсын ардчиллын өдөр”-ийг угтаж, мөн түүхэн ой тохиож байгаа учраас энэ сарын 13-ны өдөр олон нийтэд нээлттэй өдөрлөг зохион байгуулахаар боллоо. Өдөрлөг онол практикийн бага хурлаар эхэлнэ. Улс төрийн олон нам, судлаачид оролцохоо мэдэгдсэн байгаа. Мөн гадны зочид төлөөлөгч, элчин сайдууд ч оролцоно. Энэ нь дэлхий нийтэд Монгол Улс ардчиллыг ингэж дүгнэлээ, ингэж хөгжүүлжээ гэсэн мессеж болж очих юм. Тэр дундаа эрх баригч нам буюу МАН-ын зүгээс дэмжиж, хамтран оролцохоо мэдэгдлээ. Өдөрлөг 12.00 цагаас эхлэн 19.00 цаг хүртэл иргэд олон нийтэд нээлттэй үйл ажиллагаа явуулна. Төв талбайд “Өчигдөр ба өнөөдрийн Монгол” гэрэл зургийн үзэсгэлэн гарахаар байгаа. Ойн хүрээнд хийгдсэн таван боть номын эхний номын нээлтийг хийнэ. Мөн уралдаан тэмцээн, эвент, урлагийн тоглолт, “Фүүд фестивал”-ийг зохион байгуулахаас гадна Монголд хамгийн том тоглолтын тайз засч, лазер шоуг нийслэлчүүддээ хүргэх юм. Ирээдүйн 30 жил ямар байх вэ гэдгийг энэхүү 30 жилийн ойг угтсан олон арга хэмжээгээр харуулахыг зорилоо. Үдэш нь урлагийн оддын шоу тоглолт болно.
-Орон даяар хийж байгаа гэсэн үү. Хөдөө орон нутагт ямар байдлаар тэмдэглэх бол?
-Тэгнэ. Есдүгээр сарын 15-ныг дуустал 21 аймгийн салбар байгууллагууд тус тусын аймаг, дүүрэгт олон үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Түүхэн ойн хүрээнд хийгдэх ажил дөнгөж эхэлж байгаа гэж хэлж болно. Цаашлаад 10, 11, 12 дугаар саруудад мөн олон ажил зохион байгуулах юм. Алдаа, оноотой ч бид 30 жилийг ардаа үдчихэж. Харин дараагийн 30 жилд тэр дундаа залуус хэрхэн манлайлах, ахмад үеийн оролцоо, үүрэг ямар байх вэ гэдэгт АН-аас илүү анхаарч байгаа. Энэ хүрээндээ ч ойн үйл ажиллагаа, уралдаан тэмцээнийг төлөвлөсөн. Сэтгүүлчдийн дунд нийтлэлийн уралдаан зарласан. Мөн оюутан, залуусын дунд эссэ бичлэгийн уралдааныг мөн зарлаад байгаа. Ардчилсан хувьсгалыг дэмжиж явсан хүмүүс, тэдний ар гэр, ардчиллын үнэ цэнийг ойлгодог хүн бүхний оролцоог хангасан томоохон баяр болгон тэмдэглэж байгаа. Ардчиллын үнэ цэн, түүхэн цаг үеийн алдаа оноо, ирээдүйн өнгө төрхийг илүү өөр өнцгөөр тэд харж байгаа учраас залуусын дуу хоолой, сэтгүүлчдийн үзэл бодол маш чухал. АН-ын тухайд 2019 оны “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээндээ ч зургадугаар сараас эхлэн есдүгээр сарыг дуустал “Шинэ давалгаа-Андууд” бүсийн чуулганыг зохион байгууллаа. Говийн бүсийн чуулган энэ сарын 20-ноос Өмнөговь аймагт эхлэх юм. Энэ бүх уулзалтуудаас гарсан залуусын саналыг ирээдүйн хөгжил гэж тодорхойлно. Монгол Улсыг хөгжүүлэх намын мөрийн хөтөлбөрийн нэг гол цөм болгож оруулна. Мөн алдаа, оноогоо ч дүгнэх нь.
-АН-ын тухайд 2019 он завгүй жил болов уу. Хэд, хэдэн жагсаал зохион байгууллаа. Мөн үндэсний хэмжээнд чуулган зохион байгуулсан. Үр дүн юу байв?
-Тэгэлгүй яахав. Маш завгүй жил болж өнгөрлөө. Шинэчлэгдэж байгаа нам учраас үндэсний, томоохон аянуудыг зохион байгуулсан. Үзэл баримтлалаа сурталчлан таниулах аяныг 2019 онд зохион байгуулж, дууслаа. Үндэсний III аяны хоёрдугаар шат энэ сараас эхэлж, дахиад 21 аймгийг тойрно. Ардчилсан нам баруун төвийн үзэл баримтлалтай улс төрийн нам гэдгийг мөн үнэт зүйлээ гишүүд, дэмжигчиддээ таниулахаар зорьж байгаа. Нөгөөтээгүүр, илүү олон хүнээс санал санаачилга, шүүмжлэл сонсож, үүнийгээ мөрийн хөтөлбөртөө тусгахыг зорилоо. Аян мэдээж үр дүнгээ өгч байна. Хэд, хэдэн улс төрийн том жагсаалыг ч амжилттай зохион байгууллаа. Сөрөг хүчний үүрэг бол хэлж, шүүмжилж, алдааг нь засч залруулах явдал. Энэ үүргээ ч гүйцэтгэсээр байгаа.
-Ардчиллын үнэ цэнийг залуус хэн нэгнийг гүтгэж, доромжлох эрх чөлөө гэж хардаг. Энэ ойлголтыг ирэх 30 жилд засахад өнөөдөр тэмдэглэж буй түүхэн ойн ач холбогдол оршиж байна гэж ойлголоо, зөв үү?
-Таны дүгнэлттэй санал нэг байна. Ардчилал гэдэг нь нэг намын өмч биш. Ардчилсан нам өмчилчихсөн мэтээр буруу ойлголттой явдаг. Манай нам ардчиллыг хамгаалахын төлөө үзэл баримтлалаа гаргасан. Үндсэн дүрмэндээ хүртэл тусгачихсан. Өнөөгийн залуус өнгөрсөн үеийг илүү сайхан гэж боддог, тэгж итгээд шүүмжилдэг. Хүн бүхэн ажилтай, ажил тэгш, ядуу хүн байгаагүй гэж ярьдаг. Гэвч, ардчилал өөрөө таны хэлсэн шиг үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, шүүмжлэх, эрх чөлөөг бидэнд авчирсан юм. Ухаалаг утсаа гаргаж ирээд хэнтэй ч хамаагүй чаталж, нүүр, нүүрээ хараад ярьдаг, утасны цаанаас шүүмжлэх эрх чөлөө юм. Нэг хүний дарангуйлал, эсвэл хатуу дектатуртай нийгмийг тэгж их хүсэх зүйл биш л дээ. Энэ мэтээр ярих зүйл их байгаа. Дахин хэлэхэд, ардчиллыг нэг нам өмчилдөггүй. Энэ бол Монгол Улсын иргэн бүхний үнэт зүйл. Тиймдээ ч есдүгээр сарын 13-нд ардчилсан үзэл бодолтой монгол хүн бүхэн үнэт зүйлийнхээ төлөө, түүний ирээдүйн 30 жилийн хөгжил ямар байх вэ гэдгийг хараарай гэж урьж байна.