Баруун Африкийн Бенинд төрийн эргэлт хийх оролдлогыг дарсан гэж Ерөнхийлөгч нь мэдэгджээ

Баруун Африкийн Бенинд төрийн эргэлт хийх оролдлогыг дарсан гэж Ерөнхийлөгч нь мэдэгджээ

Бениний Ерөнхийлөгч Патрис Талон телевизээр ард иргэддээ хандан, улс оронд өрнөсөн төрийн эргэлт хийх гэсэн оролдлого дарагдаж, нөхцөл байдал “бүрэн хяналтад байна” гэж мэдэгджээ.

П.Талон мэдэгдэлдээ, “Мутины буюу босогчид үйл ажиллагаагаа эхлүүлсэн хэдий ч манай арми, түүний удирдлага өндөр хариуцлагатай, шуурхай ажиллаж, аюулыг богино хугацаанд зайлууллаа. Тэдний эр зориг, эх оронч байдлыг би үнэлж байна" гэжээ. П.Талон “цөөн тооны цэргийн албан хаагчид төрийн эргэлт хийхийг завдсан” бөгөөд тэднийг баривчилсан гэж онцолжээ. Зарим оролцогчид зугтаж, нуугдсан байж болзошгүй бөгөөд тэднийг эрэн сурвалжилж байгаа ажээ.

Тодруулбал, өчигдөр Бениний хамгийн том хот болох Котону хотод хэд хэдэн хүчтэй дэлбэрэлт сонсогдсон байна. Эдгээр нь босогчдын байрлалд хийсэн агаарын цохилтын дуу байсан гэж албаныхан үзэж байна. Мөн төрийн эргэлтэд оролцсон хүмүүс нь Бениний нисэх хүчний нэгэн онгоцыг хулгайлж, Нигерийн агаарын орон зай руу нэвтэрсэн тухай мэдээлэл гарчээ. Нигерийн Ерөнхийлөгчийн тамгын газар онгоцыг “агаарын довтолгооноос хамгаалах систем илрүүлсэн” гэж мэдэгджээ. 

Сүүлийн жилүүдэд Баруун Африкийн хэд хэдэн оронд төрийн эргэлт гарч, бүс нутгийн тогтвортой байдал сулраад байгаа юм. Бенинд ийм оролдлого гарсан нь бүс нутагт дахин тогтворгүй байдал үүсгэх вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байгаа аж. Бенин улс нь Францын колони бөгөөд Баруун Африкийн хамгийн тогтвортой ардчилсан улсуудын нэг гэж тооцогддог. Гэвч ту улсын ерөнхийлөгч П.Талоныг шүүмжлэгчид түүнийг сөрөг хүчнийг шахдаг, эрх баригчдын нөлөөг бэхжүүлдэг хэмээн буруутгадаг ажээ. 

Эх сурвалж: BBC