О.Баасанхүү: 99 цэцэрлэгтэй байсан дээр үү, 99 гишүүнтэй байсан дээр үү

О.Баасанхүү: 99 цэцэрлэгтэй байсан дээр үү, 99 гишүүнтэй байсан дээр үү

МАН гишүүдийнхээ УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлэх эрхийг хаасан, УИХ-ын гишүүд барьцаанд орсон учраас Үндсэн хуулийг хүчээр хэлэлцэж байна хэмээн мэдэгдэж өнгөрсөн долоо хоногт олны анхаарлыг татсан УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа. Тэрбээр ийм ядмаг аргаар Үндсэн хуулийг хэлэлцэх шаардлага байна уу гэх асуудлыг ярилцлагынхаа үеэр хөндсөн юм.

-ГИШҮҮД УУРЛАЖ, БУХИМДАЖ БАЙНА. ИНГЭЖ ҮНДСЭН ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭХ ЯМАР ШААРДЛАГА БАЙГАА ЮМ-

-Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн хуралдааны үеэр та “УИХ-ын гишүүдийг барьцаалагдсан. МАН-ын бүлэг гишүүдийнхээ чуулганы хуралдаанд үг хэлэх эрхийг хаасан. Үг хэлсэн гишүүнээ дарамталж байна” гэх утга бүхий мэдэгдлийг хийсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Үнэн. Ганц би барьцаалагдсан гэж хэлээд байгаа юм биш шүү дээ. Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл өгөхдөө “УИХ-ын гишүүд нь хуралдаа суухгүй байна. Барьцаалагдсан” гэж ярьсан. Мөн гишүүд нь дургүй байхад хүчээр чуулганы хуралдаан руу оруулж санал өгүүлж байна. Та бүхэн харж байгаа байх.

УИХ-ын гишүүд итгэл үнэмшлээрээ эсвэл Үндсэн хуулийн өөрчлөлтийг гарцаагүй хийх ёстой гэдэг бодлын үндсэн дээр чуулганы хуралдаанд суугаагүй. Тэд 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх вий, холбогдсон хэргийг минь сэргээх вий гэж л чуулганы хуралд сууж санал өгч байна.

Ерөнхийлөгч болон МАН-ынханд хоёр л сонирхол бий. Ерөнхийлөгч өөрийн гарын доорх хүүхдүүдээ УИХ-д яаж оруулж ирэх вэ гэж бодож байгаа бол МАН-ынхан гадна, доторх 65 буюу нийт 130 нэр дэвшигчээ зодолдуулахгүйхэн шиг нэр дэвших эрхийг нь яаж өгөх вэ гэсэн сонирхолтой байгаа. Ийм л сонирхлоор Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхээр уриалаад байгаа юм. Өнөөдөр Төрийн ордонд Фортуна явж байна. Яагаад Фортуна явж байгаа юм. АН-ын холбогч хийгээд л явж байгаа шүү дээ. УИХ-ын гишүүдийг 108 болгоно гэж яриад Тусгаар тогтнолын 108 жилийн ойгоор сонгууль явуулах гэж байна гэж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр бичиж байсан. Тэгэхэд нь би худлаа байлгүй дээ гэж бодсон.

-Ирэх арван нэгдүгээр сард сонгууль явуулахаар төлөвлөж байсан гэж үү?

-Гэхдээ Арван нэгдүгээр сарын 26-ны өдөр сонгууль явуулах нь худлаа болсон. Яагаад худлаа болсон бэ  гэхээр тохироонууд нь унаад буй учир тэд уурлаад байна. Сонгуулийг өвөл хийх нь МАН-д ашигтай байна шүү дээ.

-Арван нэгдүгээр сард сонгууль явуулахаар ярьсан байна шүү дээ. Тийм үү?

-Ярьсан гэж би харж байна. Учир нь 108 гэдэг тоо зүгээр тэнгэрээс буугаагүй. Хэн ч хардах эрхтэй. Тиймээс энэ тохиролцоо хөшигний ард явж байна. Та нар боддоо, ажлын хэсгийн ахлагч УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохгүй байна. Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нараар ахлуулсан ажлын хэсгийг яагаад зөвшилцлийнх гэж нэрлээд байгаа юм. Хуулинд ийм нэр томьёо байхгүй. Хэрвээ Үндсэн хуулийг хэлэлцэх гэж буй бол УИХ-ын 62 гишүүний төслийг хэлэлцээд уг төсөлд нь хууль санаачлах эрх бүхий байгууллага нь саналаа өгөх хэрэгтэй. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү саналаа өгөх ёстой. Миний хувьд дээд шүүхийг хууль санаачлах эрхтэй болгох заалтыг Үндсэн хуульд оруулах сонирхолтой байна. Гэхдээ хязгаарлагдмал эрхтэйгээр. Гэтэл төсөлд өргөн баригдаагүй саналаар санал өгөх эрхгүй гэж байна. Ерөнхийлөгч нь огт хөндөгдөөгүй Монгол улсын Үндсэн хуулийн 29.1, 29.2 гээд УИХ-ын гишүүдийг таван жилээр 108 болгох саналыг оруулж ирж байна. Ингэж болохгүй шүү дээ.   Журмын тухай  хууль, дэгийн хуулиар бол  барьсан хэд, хэдэн төслийг зэрэгцүүлэн хэлэлцэнэ. Гэхдээ төсөл тус бүрээр нь гишүүд 10 минутын санал хэлнэ. Тэгэхээр 62 гишүүн 10 минут, Ерөнхийлөгч 10 минут ярина гэсэн үг. Ингэж 2-3 сар хэлэлцдэг асуудал юм.

Ингэж яръя гэсэн чинь бүлгийн хурлаа зарлангуутаа “Бид бүлэг дээр тохирсон. Битгий ярь. Задлах гээд байна. О.Баасанхүү ганцаараа ярихаар 30 цаг зарцуулагдана. Тэгэхээр та нар яривал Үндсэн хуулийн өөрчлөлт дуусахгүй юм байна. Ярих хэрэггүй” гэж зааварласан. Энэ нь өчигдөр миний бухимдлыг хамгийн ихээр төрүүлсэн. Ингэхээр гишүүд нь уурлаж, бухимдсан.

Ингэж Үндсэн хууль хэлэлцэж яах гээд байгаа юм. Тэд нарын асуудал тусдаа. Би МАХН болон 114 мянган хүнийг төлөөлөөд энд ажиллаж буй учир тэдний эрх ашгийн үүднээс ярих ёстой. Гэтэл намайг ажлын хэсэгт оруулаагүй. Намайг АН-ын зөвлөлтэй хамтран ажиллана гэсэн учраас оруулаагүй. Би сөрөг хүчний үүднээс АН-ын зөвлөлтэй хамтран ажиллана гэсэн болохоос тус намын хэлсэн үг бүрийг дагана гэж хэлээгүй. Гэтэл хүний олон хүнээ барьж иддэг гэдэг шиг ажлын хэсэгт оруулаагүй. Намайг оруулбал янз бүрийн тохироо нь хүчингүй болох учраас оруулаагүй.

-ҮНДСЭН ХУУЛИА ӨӨРЧЛӨХГҮЙ БОЛ АЛУУЛЛАА, ЯРИХ СЭДЭВГҮЙ БОЛЛОО ХЭМЭЭН ЯАРЧ БАЙНА-

-Үндсэн хуульд оруулж буй  таван саналыг батлахаас өмнө та ард түмнээс асуух хэрэгтэй гэсэн. Миний хувьд тус таны хэлж буй таван саналыг ард түмнээс асуучих хэрэгтэй санагдсан?

-Ард түмнээс энэ хуулийг өөрчлөх үү, үгүй юу гэж зөвлөлдөх санал асуулгаар асуусан. 15000 хүн ирлээ гэж шоу хийж Төрийн ордныг бужигнуулж хэчнээн ч их мөнгө, төгрөгний зардал гаргав. Ингээд ард түмэн өөрчлөхийг зөвшөөрсөн гэж хэлээд өөрчлөөд явж байна. Одоо бид өөрчлөх гэж буй зарим заалтуудаа ард түмнээсээ мөн асуух хэрэгтэй. Энэ заалтыг зөвшөөрөх үү, үгүй юу гэж асуувал хэн ч ойлгохгүй, хэн ч уншаагүй. Тэгэхээр тавхан асуултаар асуучих хэрэгтэй. Тодруулбал, Таныг 99 хүн таван жил төлөөлөхийг зөвшөөрөх үү, сонгуулийн тогтолцоогоо яаж шийдэх вэ мөн байгалийн баялгийн санг бүрдүүлэх үү гэдгийг асуучих хэрэгтэй. Ингээд ард түмнээс асуугаад 51 ээш дээш оноо авсан бүх заалтыг хэл, амгүй батлах хэрэгтэй. Үүнийг нь хэлэхээр дээрэлхээд, доромжлоод, гутаагаад байна.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн ингэж яарч хэлэлцэж байгаа учир шалтгаан нь юу юм бол?

-Хоёр шалтгаантай. МАН хоёр л зүйл амласан. Нэгдүгээрт, Үндсэн хуулийг өөрчилье. Хоёрдугаарт, таны  амьдралыг сайжруулъя. Ингээд хамтдаа зүтгээд, хамтдаа хөгжье гэсэн. Ард түмэн хамтдаа зүтгэж, хөгжинө гэж бодоод МАН-д УИХ-ын 65 суудал өгсөн. Гэтэл таны амьдрал сайжирсан уу. Утаа, нийслэлийн төв цэвэрлэх байгууламж, махны үнэ, валютын ханш, зам нь яав. Тиймээс л тэд Үндсэн хуулиа өөрчлөхгүй бол алууллаа, ярих сэдэвгүй болчихлоо гээд яарч байна.

-ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН 20 ХУВЬ НЬ МУУ БӨГӨӨД МАШ ХОРТОЙ-

-Үндсэн хуулийг одоо хэлэлцэж буй хэлбэрээр нь батлавал дараа гарах хор уршиг нь ямар байх вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн 80 хувь нь дажгүй 20 хувь нь муу бөгөөд маш хортой. Тэр нь хувийн амбиц, эрх ашиг. Тухайлбал, УИХ-ын гишүүнийг 99 болгох бодит үндэслэлийг хэн ч гаргаж ирж чадсангүй. Жишээлбэл, энэ хортой. 99 цэцэрлэгтэй байсан дээр үү, 99 гишүүнтэй байсан дээр үү. Мөн төсвийн хяналтыг УИХ-ын гишүүн тавих эрхгүй болж байна. Засгийн газрын гишүүнд УИХ-ын гишүүн хяналт тавих эрхгүй болж байна. Тэгээд Ерөнхийлөгчийн эрхийг хязгааргүй өгч  байна. Ерөнхийлөгч хуулийн засаглалыг гартаа барина гэж үзэж байна. Манай нөхөр нүүрэн дээрээ их энгийн. Гэтэл цаагуураа бүх хорыг найруулаад явж байна.

Ард түмэн Х.Баттулгыг энгийн цэвэр хүн гээд сонгосон. Гэтэл шоронд орохоос буцахгүй болсон гарын доорх залуусаараа жонглёр хийгээд суугаад байна.  Ингээд хэлэхээр зураг, сонин гээд хамаг зүйл дээр хяналтаа тавьчхаад суугаад байна.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг 100 гэж үзвэл Ерөнхийлөгчийн санал хэдэн хувийг нь эзэлж байгаа юм  бэ?

-Ерөөсөө  л 100 хувь шүү дээ. Нэг хэсгийг нь Ерөнхий сайдын нэрээр явуулж байна. Нөгөө хэсгийг нь Ерөнхийлөгч өөрийн нэрээр явуулж байна. Тэд хуйвалдааны Үндсэн хууль хийгээд байна.

ЯРИЛЦСАНД БАЯРЛАЛАА