ISEE.mn сайт бүтээгч, хөдөлмөрч залуусаа онцолж танилцуулдаг. Бид энэ удаа гар аргаар модон ванн хийж АНУ-д экспортлон америкчуудын тансаг хэрэглээнд нэвтрүүлж чадсан чадварлаг залууг онцолж ярилцсан юм.
Тэр бол баруун хязгаар Баян-Өлгий аймагт амьдран суудаг Е.Солтангажи. Тэрээр Улаанбаатар их сургуулийг төгссөн монгол хэлний багш мэргэжилтэй нэгэн. Гэхдээ өөрийн хоббигоороо модон эдлэл хийгээд багагүй хугацааг буюу 8 жилийг үджээ. Одоогоор нутагтаа модон эдлэл үйлдвэрлэлийн “Waterwood” компанийн захирлаар ажиллаж байна. Тэрбээр өмнө нь барилгын материалын дэлгүүр ажиллуулдаг байсан ба тухайн үед “Waterwood” компанийн захирал нь Тэйлор Росс гэх америк залуу байжээ. Е.Солтангажи, Тэйлор Росс танилцаж анх уулзахдаа ванн үйлдвэрлэлийн компани байгуулах санаагаа хэлж улмаар тэдний хамтрал тавигджээ. Харин одоо Тэйлор Росс Америкт, Е.Солтангажи Баян-өлгийд ваннаа хийн аж төрж байна. Түүний ярилцлагыг хүлээн авч уншина уу.
-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та болон хийж буй ажил тань сошиалд ихээр яригдаж таниар бахархах хүмүүс олон байгаад баяртай байна. Яагаад заавал модон ванн гэж. Энэ санаа анх яаж төрж байв?
-Усанд ороход шилэн ванн хүйтэн байдаг шүү дээ. Харин мод их дулаахан, таатай мэдрэмж төрүүлдгээс гадна байгалийн гаралтай гэсэн үүднээс хүмүүс дуртай. Эрүүл аюулгүй ямар нэг сөрөг зүйлгүй учраас санаагаа ажил хэрэг болгосон. Би барилгын материалын дэлгүүр ажиллуулдаг байхдаа Тэйлор Росс гэх америк залуутай танилцаж байсан. Тэр чинь 2014 он юм байна. Тэр тухайн үед манай дэлгүүрээр үйлчлүүлдэг байсан юм. Мөн 10 гаруй жил мужаан хийсэн туршлагатай хүн. Ингэж түүнтэй танилцаад л ванн хэрхэн хийхийг сурсан даа. Энд компани нээгээд хамт ажиллуулж байгаад тэр нутаг руугаа буцаж одоо би захирлаар ажиллаж байна. Росс нутагтаа очсоны дараа надад захиалга олж өгсөн. Түүнээс хойш л тэндээс захиалга ирж би хот руу явуулаад тэндээсээ дамжуулдаг даа. Одоогоор цар тахлын улмаас ажил болон захиалга түр зогсчихсон л байна. Гэхдээ захиалга орж ирвэл хийдэг. Хэдэн бэлэн ч ванн байна. Түүнээс америкчууд эко бүтээгдэхүүнд маш дуртай.
-Та ажлынхаа үйл явцын талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу. Нэг ванн хэр урт хугацаанд бүтдэг вэ. Хэдэн төгрөгөөр борлуулдаг вэ. Бүтээгдэхүүний гол түүхий эдийн хаанаас, яаж авдаг вэ гэх мэтчилэн олон асуулт байна?
-Мэдээж гар аргаар хийдэг болохоор уддаг. Нарийн ур, хийц шаардагдана. Нэгийг л гэхэд 2-3 сарын хугацаанд хийдэг. Онцлог нь чанартай ванн гаргахын тулд удаан хийх ёстой юм. Хурдан хийвэл чанарт нөлөөлөх магадлалтай. Энэ хэрээр үнэ шингэдэг. Түүхий эдээ ОХУ-аас авдаг. Нарс, хус, хуш модоор хийдэг. Ваннаа чанартай болгох үүднээс сайн чанарын модоор удаан хийх ёстой. Нэг ваннанд 4X5 хэмжээтэй өргөн 14 ширхэг мод ордог. Өмнө нь захиалга ихтэй үед жилд 5-6 ванн хийдэг байлаа. Харин одоо коронавирусийн халдвар гээд модоо ч авч чадахгүй гадагшаа гаргахад ч хүндрэлтэй гээд дотооддоо л борлуулах боломжтой байна даа.
-Дотооддоо борлуулна гэснээс монголчууд хэр их худалдан авалт хийдэг вэ?
-Монголд бол одоогоор нэг л хүн авсан. 5-6 сая төгрөгөөр борлуулж байна. Хэмжээ, мужааны хийц, ажиллагаанаасаа шалтгаална. Харин Америкт зардаг үнээ хэлэхэд хүндрэлтэй.
-Та компанийхаа талаар танилцуулаач?
-Жижиг аж, ахуй нэгж. Надаас гадна хоёр хүн ажилладаг. Гэхдээ үргэлж байдаггүй. Голдуу би өөрөө хийгээд явдаг. Захиалга авч модон эдлэл хийдэг. Ванн бол бидний брэнд. 2014 оноос эхэлж байсан гэхээр 7-8 жил юм уу даа. Гэхдээ сурч дадлагажих шаардлагатай байсан тул 5 жил гэхэд болно доо.
-Баян-Өлгий аймгаас борлуулахад хүндрэлтэй биш үү. Хотод салбар нээе гэсэн бодол байгаа юу?
-Яахав, тийм бодол бий. Оросоос мод авахад ойр гэсэн үүднээс энд илүү амар байдаг. Цаашдаа хотод салбараа нээе гэсэн бодол байж л байна. Мөн дэлгүүрт ч борлуулна л гэж боддог.
-Төр засгаас хэр дэмждэг вэ. Сүүлийн бага хүүтэй зээлд хамрагдаж чадсан уу. Мөн хамтран ажиллах хүсэлтэй хувь хүн болон байгууллага холбогдож байна уу?
-Төр засгаас хувиараа бизнес эрхлэгчдийг нээх анхаараад байдаггүй дээ. Надад мэдрэгдэхгүй л байна. Хамтран ажиллах хүмүүсийн хувьд ванн жаахан үнэтэй нээх холбогдоод байдаггүй. Гэхдээ цар тахал намжихаар Казахстан руу гаргая гэсэн бодолтой байгаа. Цаашдаа шинэ олон зүйлс туршиж үзэх бодолтой байгаа. Яахав шинэ юм гаргахад үргэлж цаг хугацаа, мөнгө шаардагддаг болохоор жаахан асуудалтай ч хийгээд л үзнэ гэж бодож байгаа.
-Таны ажилд амжилт хүсье.
Түүний хамтрагч Тэйлор Росс Монголын нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Манай захиалагчдад үнэ төдийлэн чухал биш. Найз нөхөд болон ойр тойрныхонд нь байдаггүй учраас бидний үйлдвэрлэсэн ванныг худалдан авах сонирхолтой байдаг. АНУ- д модон ванн 8000 ам.долларын үнэтэй. Тэдэнд тээврийн зардалд 1000-2000 ам.доллар төлөх нь тийм ч том асуудал болдоггүй” гэж хэлж байжээ. Үүнээс үзвэл Е.Солтангажи Америкт ванн экспортлох ажил илүү өргөжиж, дэвжээсэй гэж хүснэ.