Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ дахь албан ёсны айлчлал үргэлжилж байна. Эл айлчлалд олон чухал асуудал яигдаж байгаагийн нэг нь Монголын ноос ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-д татваргүйгээр экспортлох асуудал юм. Ялангуяа ноос ноолууран бүтээгдэхүүний бизнес эрхлэгчид онцгой анхаарал хандуулж байна. Тус асуудал зөвхөн энэ удаад яригдаж байгаа юм биш.
-“ГУРАВДАГЧ ХӨРШИЙН ХУДАЛДААНЫ ХУУЛЬ” АНУ-ЫН КОНГРЕССООР БАТЛАГДВАЛ НООС НООЛУУРАН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАТВАРГҮЙГЭЭР ЭКСПОРТЛОНО-
Ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ руу татваргүй гаргах асуудлаар Х.Баттулга ерөнхийлөгч гуравдугаар сард Америкийн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад захидал бичиж Монголд үйлдвэрлэсэн оёмол бүтээгдэхүүнийг Америк руу татваргүй гаргахыг хүсч байсан удаатай. Одоо биечлэн энэ асуудлыг дахин хөндөж буй.
Мөн АНУ-ын Конгрессын нэр бүхий гишүүд 2019 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Монгол Улс-АНУ-ын хоорондох оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх зорилготой гуравдагч хөршийн худалдааны хуулийг Конгресст өргөн барьсан. Эл хуулийн төсөл АНУ-ын Конгрессоор батлагдвал манай улсын ноолуурын салбарынханд том боломж нээгдэнэ.
Америкийн тал оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг татваргүй оруулах асуудлыг “дэмжинэ” гэдгээ илэрхийлж байсан юм. Яриа хэлэлцээ амжилттай болбол манай улсад ноос, ноолууран бүтээгдэхүүний нэг тэрбум ам.долларын экспорт бий болж дор хаяж 30 мянган ажлын байр шинээр бий болохоос гадна 200 мянган малчин өрхийн орлого нэмэгдэнэ.
-МАНАЙ УЛС ТЕХНОЛОГИЙН ШАЛТГААНААР НООЛУУРЫНХАА 90 ХУВИЙГ ӨМНӨД ХӨРШ РҮҮ ХЯМД ӨРТӨГӨӨР ЭКСПОРТЛОДОГ-
Монголын гуравдагч хөршийн худалдааг хөнгөвчлөх хуулийн төслийг өргөн барьсан явдлыг ноолуурын салбарт томоохон хүлээлтийг үүсгээд буй. Америкийн ард иргэд, Конгрессийн гишүүдийг дэмжинэ гэдэгт манай төр засгийнхан итгэж буй юм.
Боловсруулсан ноос, ноолууран бүтээгдэхүүн нь Монгол Улсын хамгийн их нөөц боломжтой экспортын бүтээгдэхүүн юм. Манай улс дэлхийн ноолуурын 40-50 орчим хувийг нийлүүлдэг. Гэвч, санхүү технологийн шалтгаанаар ноолуурынхаа дөнгөж 10 хүрэхгүй хувийг дотооддоо боловсруулж, 90 орчим хувийг нь өмнөд хөрш рүү түүхий эдээр нь буюу хямд өртгөөр экспортолдог. Энэ нь эдийн засгийн хувьд ихээхэн алдагдал хүлээлгэдэг байна. Ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь хөдөөгийн иргэдийн аж амьдралыг сайжруулах, мөн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх, нүүдлийн соёл иргэншлээ хамгаалж үлдэх гол суурь нь юм.
Тийм учир нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжсөнөөр малчдын, хөнгөн үйлдвэрлэлд ажилладаг эмэгтэйчүүдийн орлого нэмэгдэж, Монгол Улсын эдийн засаг төрөлжин хөгжихөд чухал хувь нэмэр оруулна.
АНУ-ын бэлэн хувцасны зах зээлийн багтаамж нь 326 тэрбум ам.доллар. Ноос, ноолууран хувцасны зах зээл нь 105 тэрбум ам.долларт хүрдэг. БНХАУ-аас экспортлох ноос, ноолууран бүтээгдэхүүнд АНУ импортын тариф тогтоогоод байгаа нь Монгол Улсад давуу талыг бий болгож буй юм.
Одоогийн байдлаар АНУ-ын хувьд Хятад, Вьетнам, Энэтхэг, Индонези, Мексик, Пакистан зэрэг улсаас оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн их хэмжээгээр импортолж авдаг. Энэ том зах зээлд гарахын тулд АНУ-тай чөлөөт худалдааны гэрээ байгуулах шаардлага бий бөгөөд хүлээлт үүсгээд байгаа чухал асуудлуудын нэг болооод байна.