"FATF"-ын саарал жагсаалтаас гарах сүүлчийн шалгалт явагдаж байна

"FATF"-ын саарал жагсаалтаас гарах сүүлчийн шалгалт явагдаж байна

Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргах эсэхийг шийдвэрлэх Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага болох /FATF/ -ын  газар дээрх шалгалт өнөөдрөөс /2020.10.01/ эхэлжээ. Манай талаас Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа тэргүүтэй албаны хүмүүс “FATF”-ын газар дээрх шалгалтын багийнхантай цахим уулзалтад оролцож байна.

Дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй тус баг манай улсад хоёр өдөр ажиллаж сүүлийн нэг жилийн хугацаанд Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг хэрэгжүүлсэн арга хэмжээнд эцсийн дүгнэлт хийх юм. Газар дээрх энэхүү шалгалт нь Монгол Улс “FATF”-ын саарал жагсаалтаас гарах эсэхийг шийдвэрлэх чухал ач холбогдолтой. Учир нь уг шалгалтын дүнгээс хамаарч ирэх аравдугаар сарын 21-23-ны өдрүүдэд болох “FATF”-ын Ерөнхий хуралдаанаар Монгол Улсыг саарал жагсаалтаас албан ёсоор гарсан эсэхийг мэдэгдэнэ. 

Монгол Улс 2019 оны аравдугаар сард “FATF”-ын “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын хяналтын жагсаалт” буюу саарал жагсаалтад орсон.

  • Нэгдүгээрт, банкнаас бусад санхүүгийн салбар, нягтлан бодогч, хуульч, нотариатч, үл хөдлөх хөрөнгийн зуучлагч, алт, үнэт чулууны худалдаа эрхлэгчдийн эрсдэлийг үнэлэх, хяналт шалгалт хийх, зөрчил гаргасан этгээдэд авах арга хэмжээний үйл ажиллагаа хангалтгүй байгааг сайжруулах,
  • Хоёрдугаарт, мөнгө угаахтай холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаа 2017 оноос хойш нэмэгдсэн боловч, гэмт хэргийн эрсдэлийн түвшин, шүүхээр шийдсэн хэргийн тоо хангалтгүй, ахиц гараагүй байна гэж үнэлсэн байдаг.
  • Гуравт, хилээр бэлэн мөнгийг мэдүүлэхгүй буюу худлаа мэдүүлж гаргахтай холбоотой зөрчилд авах арга хэмжээг сайжруулах,
  • Дөрөвт, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй холбоотой НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой дутагдал байгааг сайжруулах, шалгалтыг сайжруулах зэрэг даалгавар багтсан юм.

Засгийн газар, Сангийн яам, Монголбанк, СЗХ, ТЕГ болон АТГ-ын хамтарсан ажлын хэсэг энэ асуудлаар ажилласны эцэст Монгол Улс 2020 оны дөрөвдүгээр сард саарал жагсаалтаас гарах тайлангаа амжилттай хамгаалсан. Харин “FATF”-ын удирдлагууд өнгөрөгч зургадугаар сарын 30-нд Монгол Улс саарал жагсаалтаас хасагдах болзлоо хангасан гэдгийг мэдэгдээд байсан юм.

Тухайн үед “FATF”-аас гаргасан албан ёсны мэдэгдэлд “Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг FATF болон Ази, Номхон далайн мөнгө угаахын эсрэг бүлэг буюу APG-ийн зөвлөмжийн үр нөлөөг бэхжүүлэх, холбогдох техникийн дутагдлыг арилгах чиглэлээр хамтран ажиллах улс төрийн өндөр төвшний амлалт өгсөн. Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг үйл ажиллагааны зөвлөмжийг үндсэндээ хангасан гэсэн анхны дүгнэлтийг гарган, газар дээрх үнэлгээг хийлээ. Мөн Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг үйл ажиллагааны шинэчлэлийг эхлүүлж, цаашдын хэрэгжилтийг тогтвортой хангах улс төрийн үүрэг хариуцлага, амлалтаа биелүүлж байгааг баталгаажууллаа. Бид “COVID-19”-ийн нөхцөл байдлыг сайтар ажиглаж байна. Цар тахлын нөхцөл байдал намжмагц аль болох түргэн хугацаанд Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлд гаргасан ахиц, дэвшлийг  газар дээр нь ирж шалгах болно” гэж байв.