Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ээлжит хурал өнөөдөр /2026.05.25/ болж, 2026-2027 оны халаалтын улиралд нийслэлийн гэр хорооллын айл өрхийн хэрэглээнд хагас коксон түлшийг дахин нийлүүлэх шийдвэрийг гаргалаа.
Өнөөдрийн хурлыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Дэд дарга Ц.Сандаг-Очир удирдаж, Улаанбаатар хотод 2025-2026 оны халаалтын улиралд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн, цаашид төлөвлөж буй арга хэмжээний талаар хэлэлцэв. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Дэд дарга Ц.Сандаг-Очир хурлыг нээж хэлсэн үгэндээ “Өнгөрсөн өвөл нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхийн хэрэглээнд хагас коксон түлш нэвтрүүлж, Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 орчим айлыг дулаалан, шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүллээ. Мөн Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын дагуу уурын болон усан халаалтын зуухны түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсоож, 12 байршлын 25 зуухыг хийн түлшний системд шилжүүлээд байна. Эдгээр арга хэмжээний үр дүнд Улаанбаатар хотын агаарын бохирдол өмнөх оны мөн үеэс дунджаар 30 хувиар буурсан эерэг үр дүн гарсан”-ыг онцлон тэмдэглэв.

Хуралд Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн дарга, академич Х.Энхжаргал хагас коксон түлш нэвтрүүлэх тухай Эрдэмтдийн зөвлөлийн зөвлөмжийн үр дүнг танилцуулж, цаашид шахмал түлш болон түүхий эдийг дотоодын эх үүсвэрээс хангах ажлыг судлах зөвлөмжийг өгөв. Энэ дагуу дотоодын эх үүсвэрээс хангах боломжийн талаар “Багануур ҮТП” ХХК-ийн зохицуулагч Б.Чойжил “Нүүрс-пиролизын үйлдвэр байгуулах төсөл”-ийн явцын талаар мэдээллийг өгсөн юм. Багануурын Нүүрс-пиролизын үйлдвэр нь жилд 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд одоо туршилтын үйл явц үргэлжилж буй аж. Тус үйлдвэрийн бүтээгдэхүүнийг нийлүүлж эхэлснээр гэр хорооллоос ялгарах агаарын бохирдол 50-60 хувиар буурна гэсэн тооцооллыг хийгээд байна. Мөн хуралд Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин 2026-2027 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулж, ирэх жилийн халаалтын улиралд айл өрхүүдэд 428 мянган тонн түлш нийлүүлэхээр төлөвлөж байгааг мэдээлэв.

Хурлын төгсгөлд Үндэсний хорооны Дэд дарга Ц.Сандаг-Очир хагас коксон түлш тодорхой үр дүнд хүрснийг тэмдэглээд, 2026-2027 оны халаалтын улиралд дахин нийлүүлэх ажлыг хуульд нийцүүлэн зохион байгуулах үүрэг чиглэлийг нийслэл болон Тавантолгой Түлш ХХК-д өгөв. Мөн дулаан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд тарифийн зөрүүний санхүүжилтийг олгохыг нийслэлийн удирдлагуудад даалгалаа