Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2026.05.25/ хэд хэдэн асуудлаар мэдээлэл сонсож, санал солилцсон байна. Тухайлбал, Үндсэн хуулийн цэц энэ сарын 27-ны өдөр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг улираан томилох тухай маргааныг хэлэлцэхээр товлосон. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дуусаад нэг жилийн хугацаа өнгөрсөн байхад ҮХЦ улс төрийн захиалгатай байж болзошгүй шийдвэр гаргаж байгаа нь хууль эрх зүйн хувьд хүчинтэй юу гэдэг асуудалд намын бүлэг байр сууриа нэгтгэсэн байна.
ВИДЕО:
Энэ талаар УИХ дахь АН-ын Бүлгийн дарга О.Цогтгэрэл "Тавдугаар сарын 27-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан болох гэж байна. Энэ хуралдаанаар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн нэг удаа зургаан жилийн хугацаатайгаар томилно гэсэн заалтыг Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэх гэж байна. Энэ нь улс төрийн тохиролцооны шинжтэй зүйл байж магадгүй байгаа. Цэц хуульд байхгүй заалтыг давуу байдал олгох замаар тайлбарлаж байна уу гэж АН-ын бүлэг үзэж байна.
Үндсэн хуулийн цэц улс төрийн захиалгын байгууллага болж хувирсан байж магадгүй олон олон шийдвэрүүд гаргаж байгааг та бүхэн анзаарч байгаа байх. Өнөөдөр ҮХЦ-ийн гишүүдийн нэгийнх нь бүрэн эрхийн хугацаа дуусаж, нэг нь чөлөөлөгдсөн нөхцөл байдалтай байна. Гэтэл бүрэн эрхийн хугацаа нь дууссан Г.Баясгалан дарга хэрэг маргааныг гишүүдэд хуваарилж байгаа нь хууль эрх зүйн хувьд хэр зөв бэ гэдэг асуудал гарч байна. Тиймээс УИХ-ын дарга С.Бямбацогтод хандаж, Цэцийн хоёр гишүүний томилгоог яаралтай УИХ-д оруулж ир гэдэг шаардлагыг тавьж байгаа" гэлээ.
Мөн тэрбээр "Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг УИХ-аас зургаан жилийн хугацаатайгаар нэг удаа томилно" гэж заасан. Гэтэл цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаад бүтэн нэг жилийн хугацаа өнгөрсөн байхад өнөөдөр бүрэн эрхтэйгээр шийдвэр гаргаад явж байна. Г.Баясгалан дарга бүрэн эрхийн хугацаа нь дууссан байхад яагаад чөлөөлөгдөх өргөдлөө өгөхгүй яваад байна вэ. Өнгөрсөн хугацаанд ҮХЦ улс төрийн шүүх болоод хувирсан. Захиалгын шийдвэр гаргадаг байх магадлал маш өндөр болсон.
Тухайлбал, тавдугаар сарын 13-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн хуралдаан болж, хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар шийдвэр гаргасан. Ингэхдээ иргэний эрх зүйн байдлыг дордуулсан, иргэдийн эрх, эрх чөлөөнд нь халдаж шийдвэр гаргах нөхцөл бололцоог бүрдүүлсэн. Энэ бүхэн нь үнэхээр ноцтой асуудлын түвшинд засаглалын хямрал үргэлжилж байна гэж АН-ын бүлэг үзэж, УИХ-ын дарга С.Бямбацогтод шаардлага хүргүүлж байна. Мөн Г.Баясгалан гэдэг хүн өөрөө бас чөлөөлөгдөх өргөдлөө өгч, асуудлаа шийдвэрлүүлэх ёстой" гэдгийг тодотголоо.