Тэсрээгүй үлдсэн 22 нэр төрлийн 300 гаруй галт хэрэгслийг устгаж, аюулгүй болголоо

Тэсрээгүй үлдсэн 22 нэр төрлийн 300 гаруй галт хэрэгслийг устгаж, аюулгүй болголоо

Монгол Улс болон Оросын Холбооны Улсын хамтарсан цэргийн археологийн хайгуулын хамтарсан экспедиц Халхын голын байлдаан болсон газар оронд буюу Дорнод аймгийн Халхгол суманд эрэл хайгуулыг 2026 оны тавдугаар сарын 15-25-ны өдрүүдэд 10 хоногийн хугацаатай явууллаа.

Хамтарсан хайгуулын экспедиц 75 шарилын үлдэц илрүүлж, үүний 16 дайчны нэр усыг тодруулсан юм. Түүнчлэн дайны фронтод амь үрэгдсэн дайчдын эдэлж хэрэглэж байсан бусад олдворыг газрын гүнээс гаргаж, тэсрээгүй үлдсэн 22 нэр төрлийн 300 гаруй галт хэрэгслийг устгаж, аюулгүй болгосон юм. Хоёр орны төрийн тэргүүний хамтын шийдвэрээр 2025 оны 05, 09 дүгээр саруудад хамтарсан хайгуулын экспедицыг Дорнод аймгийн Халхгол суманд ажиллуулсан ба энэ удаагийнх гурав дахь хайгуулын баг юм. Энэ удаа Халхгол суманд эрэл хайгуул хийхийн зэрэгцээ Буйр нуурт шумбалт хийж, живсэн нисэх онгоц, техникийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулав.

Хамтарсан хайгуулын экспедицэд Монголын талаас Хуурай замын цэргийн командлал, ҮБХИС, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн, Батлан хамгаалахын төв архив, Монгол цэргийн музей, Зэвсэгт хүчний 284, 327 дугаар анги, Хил хамгаалах байгууллага, Онцгой байдлын алба, Шүүх шинжилгээний Ерөнхий газар, ОХУ-ын талаас Элчин сайдын яамны Батлан хамгаалах атташегийн алба болон мэргэжлийн шинжээч, шумбагчид гэсэн 400 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцсон юм.