Чойр-Замын-Үүд чиглэлийн 435.3 км урт тусгай зориулалтын авто замын бүтээн байгуулалт эхэлжээ

Чойр-Замын-Үүд чиглэлийн 435.3 км урт тусгай зориулалтын авто замын бүтээн байгуулалт эхэлжээ

Чойр-Замын-Үүд чиглэлийн 435.3 км урт, хүнд даацын тусгай зориулалтын авто замын бүтээн байгуулалтыг энэ сарын 17-ны өдөр /2026.05.17/ албан ёсоор эхлүүллээ.

Уг төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр болсон бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2023 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 355 дугаар тогтоолоор Хөшигийн хөндий-Чойр-Замын-Үүд чиглэлийн хоёр эгнээ авто замын трассыг баталсан байна. Зам, тээврийн яамнаас хоёр үе шаттай сонгон шалгаруулалт зохион байгуулж, гүйцэтгэгчээр Жүнлүшүн Констракшн Инвестмент ХХК шалгарчээ. Харин авто замын бүтээн байгуулалтын ажлыг Хятадын барилгын инженерийн зургаадугаар товчоо ХХК гүйцэтгэх бөгөөд 435.3 км замыг долоон хэсэгт хуваан, долоон замын анги ажиллуулахаар төлөвлөсөн байна.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Энэ төсөл хэрэгжсэнээр Азийн авто замын сүлжээний AH-3 коридорт нэгдэх, Монгол Улсыг бүс нутгийн тээвэр, логистикийн гол зангилаа болгон хөгжүүлэх урт хугацааны зорилтын үндэс тавигдана. Бид Азийн замын эхлэлийг тавьж байна” хэмээн онцоллоо. Тэрбээр мөн “Улсын төсвөөс 500 сая ам.долларын хөрөнгө гаргах нь өрийн дарамт нэмэгдүүлэх эрсдэлтэй. Харин энэ төсөл хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэнээр төрөөс шууд хөрөнгө гаргахгүйгээр 30 жилийн дараа иж бүрэн их засвар хийгдсэн, стандартын шаардлага хангасан авто замыг үнэ төлбөргүй хүлээн авах боломж бүрдэнэ” гэв.

Төслийн нийт хөрөнгө оруулалтыг ойролцоогоор 500 сая ам.доллароор тооцсон бөгөөд 70:30 харьцаатай зээл болон хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр санхүүжүүлэх аж. Замын бүтээн байгуулалтыг гурван жилийн хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.