Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулахад гарын үсэг зурж, 45 саяын хахууль авсан Х.Азжаргалд нэг жилийн хорих ял оноолоо

Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулахад гарын үсэг зурж, 45 саяын хахууль авсан Х.Азжаргалд нэг жилийн хорих ял оноолоо

Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулахад гарын үсэг зурж, 45 саяын хахууль авсан Х.Азжаргалд нэг жилийн хорих ял оноосон байна. 

Тодруулбал, Х.Азжаргал нь “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Эдийн засаг хөгжлийн хэлтсийн төсөл хэрэгжүүлэх албаны дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Эрчим хүчний төсөл-2” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6-0,4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил”-ын төслийн хүрээнд баригдаж буй эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах тооллогын комиссын гишүүнээр ажиллахдаа “Р...” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г-ээс барилга угсралтын ажлын 80 хувийн гүйцэтгэлийн тооллогын тайланд гарын үсэг зурж баталгаажуулсны хариуд бусдын дансаар дамжуулан 2023 оны арванхоёрдугаар сарын 04-ний өдөр 25 сая төгрөг, мөн улсын комиссын дүгнэлтэд гарын үсэг зурж баталгаажуулсны хариуд 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 20 сая төгрөг, нийт 45 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхээс Х.Азжаргалыг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хахуульд авсан 45 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.