Засгийн газраас “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг хэрэгжүүлэхээр нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн нөөцийн махны үлдэгдэл 1400 тонн махыг үе шаттай шуурхай худалдаанд гаргахаар шийдвэрлэжээ.
Энэ хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн зургаан байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг өнөөдрөөс эхлэн зохион байгуулах аж. Тодруулбал, өнөөдөр 12:00-20:00 цагт, маргааш 10:00-18:00 цагт худалдах юм. Ингэхдээ Баянголд “Байгаль эх” цогцолбор, Баянзүрхэд Жуковын талбай, Чингэлтэйд “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбай, Хан-Уулд Төв цэнгэлдэх хүрээлэн, Сонгинохайрханд “Цамбагарав” худалдааны төвийн гадна талбай, Сүхбаатар дүүрэгт “Хангай” хотхоны гадна талбайд худалдааг зохион байгуулна.
Өргөтгөсөн худалдаагаар нөөцийн махыг анх гэрээнд тусгасан үнээр буюу нэг килограмм үхрийн махыг 15000, хонины махыг 13000 төгрөгөөр борлуулна. Мөн ирэх лхагва гаргаас эхлэн сүлжээ дэлгүүрүүдээр, пүрэв болон баасан гаргаас гэрээт хүнсний дэлгүүрүүдээр нөөцийн махыг дээрх үнээр худалдаалж эхэлнэ.