Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс мэдэгдэл гаргажээ

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс мэдэгдэл гаргажээ

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл тэргүүтэй хэвлэл мэдээллийн салбарын байгууллагууд Эрүүгийн хуульд “гүтгэх” гэмт хэргийн зохицуулалтыг дахин оруулахыг эсэргүүцэж, хууль тогтоогчдод шаардлага хүргүүллээ.

Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцээс Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл буюу “худал мэдээлэл тараах” заалт нь Үндсэн хуульд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл хайх, хүлээн авах эрх чөлөөг зөрчиж байна гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийг Цэцийн дүгнэлтэд нийцүүлэн өөрчлөх хуулийн төслийг ажлын хэсэг боловсруулжээ. Гэвч уг ажлын хэсгээс “гүтгэх” гэмт хэргийн зохицуулалтыг хуулийн төсөлд шинээр тусгаж байгааг Хууль зүйн байнгын хорооны 2026 оны тавдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр болсон байна.

Хэвлэл мэдээллийн байгууллагуудын зүгээс хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах нэрийдлээр улс төрийн өндөр албан тушаалтнууд болон эрх мэдэлтнүүд чөлөөт хэвлэлийн үйл ажиллагаанд нөлөөлөх, сэтгүүлчдийг урт хугацааны мөрдөн шалгах ажиллагаанд татан оролцуулах, айдас болгоомжлол бий болгох эрсдэлтэй гэж үзэж буйгаа мэдэгдэв. Мөн ийм төрлийн зохицуулалтыг өмнө нь сэтгүүлчдийг залхаан цээрлүүлэх хэрэгсэл болгон ашиглаж ирснийг статистик судалгаанууд харуулж байна гэж онцолжээ. Түүнчлэн Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтэд зааснаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах үндсэн зорилгоос хэтэрч шинэ зохицуулалт нэмэх нь хууль тогтоомжийн шаардлагад нийцэхгүй бөгөөд “гүтгэх” гэмт хэргийн асуудлыг тусдаа хуулийн төсөл болгон өргөн мэдүүлж, олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэх, холбогдох судалгааг хийх ёстойг сануулсан байна.

Иймд дээрх үйлдлээ нэн даруй залруулахыг хэвлэл мэдээллийн байгууллагууд шаарджээ. Энэхүү мэдэгдэлд Монголын Хэвлэлийн Хүрээлэн, Глоб Интернэшнл Төв, Монголын Өдөр Тутмын Сонинуудын Холбоо, Монголын Сайтын Холбоо зэрэг салбарын есөн байгууллага нэгдэн гарын үсэг зурсан байна.