Английн Fulham F.C. клуб, CNN, Eldmen компани, Boston Consulting Group компаниудад нийт тав орчим сая ам.долларын өртэй байгаа талаар сайд Т.Алдаржавхлан мэдээллээ.
Тодруулбал, Английн Fulham F.C. клубт нэг сая ам.доллар, CNN-д нэг сая ам.доллар, Eldmen компанид 500 мянга орчим ам.доллар, Boston Consulting Group компанид 910 мянган еврогийн өр үүссэн байна. Нийтдээ тав орчим сая ам.долларын асуудал яригдаж байгаа юм байна.
Т.Алдаржавхлан хэлэхдээ "Эдгээр ажлуудыг ганцхан манай яам дангаараа санхүүжүүлэх боломжгүй. Хийсэн ажлын тайлангуудыг үзэхэд дэлгэрүүлж, тодруулах шаардлагатай зүйлс бий. Бид олон улсын гэрээ хэлэлцээрийг аль болох хүндэтгэн шийдвэрлэх байр суурьтай байгаа. Гэхдээ ажлын тайлангуудыг нягтлан үзэж, эцсийн шийдвэрээ гаргана.
Хэрэв эдгээр төлбөрийг барагдуулахгүй бол Монгол Улсын эсрэг олон улсын арбитрт дөрвөн төрлийн хэрэг үүсэх эрсдэлтэй юм байна.
Өмнөх сайд нарын ажлыг үгүйсгэж байгаа хэрэг биш ч эргэлзээ төрүүлэх асуудлууд байгаа учраас анхаарч үзэх шаардлагатай байна" гэсэн юм.
Энэ асуудалтай холбоотойгоор Засгийн газрын гурван яамны хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж байна. Тухайлбал, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам хамтран гэрээний хэрэгжилтийг шалгах юм. Хэрэв гэрээний биелэлт бүрэн хангалттай гэж үзвэл хөрөнгө шилжүүлэх асуудлыг Засгийн газарт оруулна. Харин дутуу, тодорхой бус зүйл байвал нэмэлт тайлбар, нөхөн гүйцэтгэл шаардана гэлээ.