Хотын даргыг огцруулах хүсэлтэй  32 мянган иргэний гарын үсэг хуулийн хувьд хүчин төгөлдөр бус гэв

Хотын даргыг огцруулах хүсэлтэй 32 мянган иргэний гарын үсэг хуулийн хувьд хүчин төгөлдөр бус гэв

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа ёс зүй болон хууль зүйн зөрчил гаргасан гэж үзсэн иргэд UIH.mn цахим хуудсаар дамжуулан нийтийн өргөдөл гаргаж, одоогийн байдлаар 32 мянга гаруй хүн гарын үсэг зураад байна.

Гэвч уг өргөдөл нь албан ёсны статустай биш тул УИХ-аар хэлэлцэгдэх боломжгүй болохыг холбогдох албаны эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, UIH.mn сайт нь Цогц хөгжлийн үндэсний төв ТББ-аас санаачлан ажиллуулдаг бөгөөд энд байршуулсан өргөдөл, санал нь УИХ-д хандсан албан ёсны өргөдөлд тооцогдохгүй, зөвхөн олон нийтийн санаачилга, хэлэлцүүлгийн шинжтэй аж. Харин иргэдийн нийтийн өргөдлийг албан ёсоор petition.parliament.mn цахим системээр хүлээн авдаг байна. Тус системд ирүүлсэн өргөдлийг УИХ-ын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу хянан шалгаж, шаардлага хангасан тохиолдолд 30 хоногийн хугацаанд нийтэлдэг. Уг хугацаанд 100 мянга ба түүнээс дээш иргэн дэмжсэн тохиолдолд УИХ-ын дарга асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, холбогдох Байнгын хороонд шилжүүлэн хэлэлцүүлэх эрх зүйн зохицуулалт үйлчилдэг байна.