Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарчээ

Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарчээ

Москвагийн олон улсын 48 дахь удаагийн кино наадам дөрөвдүгээр сарын 16-23-ны хооронд болно. Наадмыг найруулагч Александр Коттын “Ладогагийн сахиусан тэнгэрүүд” кино нээх бол үндсэн уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнийг Шри-Ланкийн нэрт найруулагч Прасанна Витанаге ахлах юм.

Москвагийн олон улсын кино наадмын зохион байгуулах хорооноос энэ жилийн үндсэн уралдаанд өрсөлдөх бүтээлүүдийг өчигдөр /2026.04.03/ албан ёсоор зарлалаа. Нийт 43 орны 200 орчим кино оролцож буй тус наадмын хамгийн нэр хүндтэй хэсэг болох үндсэн уралдаанд “Аранжин” пикчерсийн “Задлаагүй захиа” (The Unopened Letter) уран сайхны кино шалгарч, “Алтан Георгий” шагналын төлөө дэлхийн шилдэг 12 бүтээлтэй өрсөлдөхөөр болсон байна. Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” зохиолоос сэдэвлэсэн энэхүү бүтээл нь хүний сэтгэлийн нандин хэлхээ, монгол ахуйн гүн гүнзгий утга учрыг харуулдгаараа онцлогтой. Тус уран бүтээл нь “Аранжин” пикчерсийн ээлжит бүтээл бөгөөд ерөнхий найруулагч Б.Батдэлгэр, продюсер, дууны найруулагч Л.Цэрэнтогтох, зургийн найруулагч Г.Гүенбаатар нарын хамтын уран бүтээл юм.