Манай улсад жилд дөрвөн өрх тутмын нэг нь салж байна гэсэн тоо баримт бий. Иймд 1999 онд батлагдсан "Гэр бүлийн тухай хууль"-д өөрчлөлт, шинэчлэлт хийх зайлшгүй шаардлага үүссэн гэж үзээд Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьжээ. Энэхүү хуулийг орчин үеийн харилцаанд нийцүүлэн шинэчилж буй бөгөөд ижил хүйстнүүд, хамтран амьдрагчид, тээгч эх, араар тавилт гээд чухал харилцаануудыг зохицуулж өгсөн заалтуудыг тусгасан байна.
-ГЭР БҮЛЭЭС ГАДУУРХ ХАРИЛЦАА ҮҮСГЭСЭН ЭХНЭР, НӨХӨР СЭТГЭЛ САНААНЫ ХОХИРОЛ НӨХӨН ТӨЛДӨГ БОЛОХООР ТУСГАЖЭЭ-
Гэр бүлийн тухай хууль нь 26 жилийн өмнө батлагдсан учраас орчин үеийн нийтлэг харилцаанд тулгуурлан хэд хэдэн сонирхолтой заалтуудыг нэмжээ. Тухайлбал, ижил хүйсний хүмүүсийг гэрлэхийг хориглох заалтыг оруулсан байна.
Тодруулбал уг хуулийн төслийн 8.1.6-д "ижил хүйсний хүмүүс гэрлэхийг хориглоно" гэсэн заалтыг оруулжээ. Ингэснээр Монгол Улс албан ёсоор ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар хориглодог болж байгаа юм.
Мөн гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдэж гэрлэлтээ цуцлах нь 2 хувиас 20 хувь болон эрс өссөн байна. Гэтэл араар тавилтаас болж гэрлэлт цуцлахад сэтгэл санааны хохирол нөхөн төлүүлэх гэх мэт нарийвчилсан эрх зүйн зохицуулалт байхгүй байсан бол араар тавьсан эхнэр эсвэл нөхрөөс сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх заалтыг оруулжээ. Энэ талаар хуулийн 9.4-т "Гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцалсан бол буруутай гэрлэгчээс сэтгэл санааны хохирол нөхөн төлүүлэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ" гэж заажээ.
-ТАВААС ДООШГҮЙ ЖИЛ ХАМТРАН АМЬДАРСАН ХҮМҮҮСИЙН МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭДЭГ БОЛОХ УУ-
Өнгөрсөн саруудад гарсан зарим нэг сэтгэл сэртхийлгэм хэргийн дараагаар гэр бүлийн хуульд хэд хэдэн заалтуудыг тусгах, тухайлбал мансууруулах бодис хэрэглэдэг нь тогтоогдсон бол эвлрүүлэх хугацаа олгохгүй зэргээр хуульд тусгана гэж Ерөнхий сайд Г.Занданшатар ярьж байв. Тэгвэл энэхүү Гэр бүлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хэн нэг нь хүчирхийлэл үйлдэж амь нас болоод эрүүл мэндэд нь хохирол учруулсан нь тогтоогдсон бол таваас доошгүй жил тусдаа амьдарсан бол 18-аас доош насны хүүхэдгүй бол эвлрүүлэн зуучлах хугацаа өгөхгүйгээр гэрлэлтийг цуцалж болно гэсэн байна.
Энэ талаар хуулийн төслийн 14.1-д "Шүүх дараах тохиолдолд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж болно:
- 14.1.1.гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон;
- 14.1.2.гэрлэгчид сүүлийн таваас доошгүй жилийн хугацаанд хамтран амьдраагүй бөгөөд бага насны хүүхэдгүй, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн;
- 14.1.3.эд хөрөнгийн маргаантай боловч 18-аас доош насны хүүхэдгүй гэрлэгчид гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн.
Түүнчлэн сүүлийн 4 жилийн байдлаар гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн хүүхэд нийт 99529 бүртгэгдсэн бөгөөд хамтран амьдрах хэлбэр түгээмэл болсон тул шинээр нэмж хамтран амьдрагчдын харилцааг зохицуулах, эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэх зайлшгүй шаардлагыг тусгасан. Ингэхдээ нэг хаяг дээр таваас доошгүй жил хамт бүртгэлтэй байсан болон дундын өмч бий болсон тохиолдолд хоорондын харилцааг гэр бүлийн харилцааг зохицуулах хуулийн зохицуулах бөгөөд өв залгамжлах эрх үүсэхгүй аж.
Тодруулбал, Гэр бүлийн тухай" хуулийн төсөл 14 дүгээр зүйл /Шүүхээс гэрлэлт цуцлах тусгай журам/-д:
- 14.1. Шүүх дараах тохиолдолд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж болно:
- 14.1.1.гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон;
- 14.1.2.гэрлэгчид сүүлийн таваас доошгүй жилийн хугацаанд хамтран амьдраагүй бөгөөд бага насны хүүхэдгүй, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн;
- 14.1.3.эд хөрөнгийн маргаантай боловч 18-аас доош насны хүүхэдгүй гэрлэгчид гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн.
Харин 21 дүгээр зүйл /Гэрлэлттэй адилтгах харилцаа/-ийн: 21.1.-д Хамтран амьдрагчдын хамтын амьдрал дуусгавар болсноос үүсэх эд хөрөнгийн маргааныг шүүх шийдвэрлэхдээ дараах нөхцөл бүгд хангагдсан тохиолдолд хамтын амьдралыг гэрлэлттэй адилтган тооцож болно:
- 21.1.1.хамтран амьдрагчид бусад хүнтэй гэрлэлт бүртгүүлээгүй;
- 21.1.2.таваас доошгүй жилийн хугацааны туршид тогтмол хамтран амьдарсан;
- 21.1.3.хөрөнгө дундаа өмчилж байгаа, дундын хөрөнгө бий болсон;
- 21.1.4.хамтран амьдрагчид нэг оршин суух хаягт бүртгэлтэй.
21.2.Хамтран амьдрагчдын хамтын амьдралын үед хамтран амьдрагчдын хувьд өв залгамжлах эрх, үүрэг үүсэхгүй бөгөөд хамтын амьдрал дуусгавар болсон тохиолдолд бие биеэ тэжээн тэтгэх үүрэггүй. 21.3-д Хамтран амьдрагчдын хамтын амьдралын үед, эсхүл хамтын амьдрал дуусгавар болоход тэдний хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн эцэг, эхээс төрсөн хүүхдийн нэгэн адил эрх эдэлнэ" гэж тусгажээ.
-ГЭРЛЭЛТИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛААД ГЭРЛЭЖ БОЛОХ БӨГӨӨД ТЭЭГЧ ЭХИЙН ТАЛААР ХУУЛЬЧИЛЖ ӨГЧЭЭ-
Энд бас нэг сонирхолтой заалт байгаа нь гэрлэлтийн гэрээ гэгч зүйлийг шинээр хуульчилж өгчээ. Өөрөөр хэлбэл гэрлэгчид эд хөрөнгийн эрх, үүргийг зохицуулах гэрлэлтийн гэрээг харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулж болох аж. Энэ гэрээгээр гэрлэлтийн явцад эд хөрөнгийн өмчлөлийг зохицуулах, гэрлэлтээ цуцлуулсан бол эд хөрөнгөө хэрхэх талаар тусгах, хэрэглээний зардлыг хуваарилах зэрэг асуудлыг тусгаж болох гэнэ.
Түүчнлэн нөхөн үржихүйн тусгай аргыг хэрэглэж буюу тээгч эх, эсийн донор ашиглаж төрөх асуудал дэлхий нийтэд төдийгүй Монгол Улсад сүүлийн үед ихээхэн гарч байгаа ч энэ аргыг хэрэглэн төрсөн хүүхдийн эцэг, эхийг тогтоох маргаан их гардаг байна. Тэгвэл тээгч эхийг ашиглан үр хүүхэдтэй болсон тохиолдолд хуулийн дагуу гэрлэгч нар эцэг эх нь байхыг хуульчилж, тээгч эх нэхэмжлэл гаргах ямар нэгэн эрхгүй гэж заасан байх аж. Үүгээр зогсохгүй гадаад иргэнтэй гэрлээд салсан бол хэрхэх талаар ч зохицуулж өгчээ. Тодруулбал, Монгол Улсын иргэн гадаадын иргэнтэй гэр бүл болсон бол гэрлэлтээ дуусгавар болгож буй тохиолдолд олон улсын гэрээ конвенцэд өөрөөр заагаагүй бол манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн төсөл үйлчилнэ гэсэн байна. Ийнхүү орчин үеийн харилцаанд нийцүүлж өөрчилж буй Гэр бүлийн тухай хуулийн төсөлд дээр дурдсан чухал заалтууд туссан байгаа бөгөөд хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх асуудлуудын товд одоогоор оруулаагүй байна.
Тодруулбал, хуулийн төслийн 23.1-д Гэрлэлтийн гэрээнд дараах зүйлийг тусгаж болно:
- 23.1.1.тогтмол хамтран амьдарсан орон байрнаас бусад гэр бүлийн гишүүдийн өмчлөх дундын эд хөрөнгийн эрх, үүргийг хуваах;
- 23.1.2.гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгийг тодорхойлох;
- 23.1.3.гэрлэлт дуусгавар болсны дараа гэр бүлийн гишүүдэд ногдох эд хөрөнгийн эрх, үүрэг болон хамтран эзэмших, өмчлөх дундын эд хөрөнгийг шилжүүлэх, хамтран өмчлөх, эсхүл хуульд зааснаас бусад нөхцөл тогтоох;
- 23.1.4.гэр бүлийн хэрэгцээний зардлыг хуваарилах.
23.2.Гэрлэлтийн гэрээгээр дараах харилцааг зохицуулахыг хориглоно:
- 23.2.1.эд хөрөнгийн бус харилцааг зохицуулсан, гэрлэгчдийн амины эрхтэй холбоотой хөрөнгө;
- 23.2.2.гэрлэгчдийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд дордуулсан, эсхүл иргэний эрх зүйн чадамжийг хязгаарласан;
- 23.2.3.гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эсхүл хөндсөн;
- 23.2.4.гэрлэгчид бие биеэ, насанд хүрээгүй болон сургуульд сурч байгаа 18-21 хүртэлх насны, эсхүл хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх, сурах эрхийг хангах үүргээс чөлөөлсөн, эсхүл хязгаарласан;
- 23.2.5.эцэг, эх байх эрхийг хязгаарласан, эсхүл хассан;
- 23.2.6.гэрлэгчдийн тогтмол хамтран амьдарсан орон байрны эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн талаар тохиролцсон.
27 дугаар зүйл Нөхөн үржихүйн туслах аргыг ашигласны үр дүнд төрсөн хүүхдийн эцэг, эхийг тогтоох:
- 27.1.Донорын тухай хуулийн 18.5-д заасны дагуу эрүүл мэндийн шалтгаанаар өөрөө жирэмслэх, ураг тээх, хүүхэд төрүүлэх чадваргүй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон эмэгтэй нөхөн үржихүйн туслах аргыг ашиглан тээгч эмэгтэйтэй гэрээ байгуулж, хүүхэдтэй болсон, эсхүл өөрийн бэлгийн эс нь хүүхэдтэй болох боломжгүй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон хүн Донорын тухай хуулийн 18.7-д заасны дагуу батлагдсан журмын дагуу өөр хүний бэлгийн эсийг ашиглах нөхөн үржихүйн туслах аргыг ашиглан хүүхэдтэй болсон тохиолдолд гэрлэгчид гэрээний дагуу төрсөн хүүхдийн эцэг, эх байна.
- 27.2.Эхнэр, эсхүл нөхөр нөхөн үржихүйн туслах аргыг ашиглаж хүүхэдтэй болохыг нөгөө талдаа зөвшөөрсөн бол тухайн хүүхдийн эцэг, эсхүл эхээр тогтооно.
- 27.3.Нөхөн үржихүйн туслах аргыг ашиглах гэрээ байгуулсан гэрлэгчид үр хөврөлийн донор, эсхүл тээгч эхийг эцэг /эх/-ээр тогтоолгох нэхэмжлэл гаргах эрхгүй.
- 27.4.Нөхөн үржихүйн туслах аргыг ашиглах гэрээ байгуулсан үр хөврөлийн донор, эсхүл тээгч эмэгтэй өөрийгөө энэ хуульд зааснаас бусад тохиолдолд эцэг, эхээр тогтоолгох нэхэмжлэл гаргах эрхгүй.
- 27.5.Тээгч эмэгтэйн хүүхдийн эцэг, эхийг хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалж, хүчирхийлэлгүй, эсхүл тогтвортой гэр бүлийн орчинд өсгөж чадахгүй нөхцөл байдал бий болсон гэж үзэж, хүүхдийг өөрийн төрсөн хүүхдээр тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэнэ" гэж заажээ.
Жич: Хуулийн төслийг ЭНД ДАРЖ үзнэ үү.