Хилийн цэргийнхэн "Молцог хандгай"-г төлтэй нь хамт хууль бусаар агнаад, тугалынх нь махыг шулж аваад явсан ноцтой хэрэг гарчээ

Хилийн цэргийнхэн "Молцог хандгай"-г төлтэй нь хамт хууль бусаар агнаад, тугалынх нь махыг шулж аваад явсан ноцтой хэрэг гарчээ

Сүүлийн үед иргэд хууль бусаар ан агнах явдал нэлээгүй гарах болсон.

Энэ оны аравдугаар сард Амьтны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд улсын хэмжээнд хяналт шалгалтыг мэргэжлийн байгууллагаас зохион байгуулахад Амьтны тухай хууль тогтоомжийг зөрчиж, зохих зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, тэдгээрийн гаралтай эд эрхтэнг гарал үүслийн тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн 371 удаагийн зөрчил, дутагдал илэрсэн байдаг. Тухайн зөрчлүүдэд нийт 24 зүйлийн 1713 бодгаль амьтан өртсөн байсан гэдгийг албаныхан мэдээлж байсан.

Тэгвэл Монгол Улсын Дархан хилийг хамгаалахаар тангараг өргөсөн хилчид Монгол Улсын төдийгүй дэлхийн бусад орны “Улаан ном”-ын нэн ховор зүйлд багтаж, устах аюул нүүрлээд буй “Дорнын молцог хандгай”-г үр төлтэй нь хамт хууль бусаар агнасан ноцтой хэрэг Хөвсгөл аймагт гарчээ.

Тодруулбал, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн харьяа Улаан-Уул суман дахь 0298 дугаар салбарын заставын дарга М.Баярсайхан гэгч нь өнгөрсөн есдүгээр сард нэр бүхий алба хаагчдынхаа хамтаар Хөвсгөл аймгийн Улаан тайгын Дархан цаазат газраас “Дорнын молцог хандгай”-г үр төлтэй нь хамт буудаж агнаад, тугалынх нь махыг шулж аваад явсан байжээ. 

Уг хэргийг байгаль хамгаалагчид хяналт шалгалтынхаа хүрээнд илрүүлж, хуулийн байгууллагад хүлээлгэн өгсөн аж. Харин хуулийн байгууллагаас тухайн хэргийг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа ч өнөөдрийн байдлаар хэн нэгэнд хариуцлага тооцоогүй, хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээс өөр зүйлгүй байгаа юм байна. 

Энэ нь магадгүй тус хэргийг удаашруулж, хэргийг замхруулах гэсэн ордлого байж болзошгүй юм. Тиймээс тангараг өргөсөн хилчид нэн ховор амьтан болох хөхүүл хандгайг тугалтай нь хамт агнасан хэргийг хуулийн дагуу шалгаж, холбогдох хүмүүст хариуцлага тооцох учиртайг сануулж энэхүү мэдээллийг бэлтгэлээ.

Ташрамд өгүүлэхэд, Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд "Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 10.000.000-40.000.000 төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж тус тус заасан байдаг.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 260 тогтоолоор амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр “Дорнын молцог хандгай ” нь 21 сая төгрөгөөр үнэлэгдэж, экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нугалж тооцон Монгол Улсын Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг байна.




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө