Сүхбаатар дүүргийн прокурорын газар болон тус дүүргийн Засаг даргын тамгын газар хамтран нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байгуулсан тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг зогсоосон байна.
Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн А/840 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан “Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн зогсоол ашигласны төлбөр авах үйл ажиллагааны журам” болон НИТХ-ын 2024 оны 02 дугаар сарын 08-ны №16 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн хэрэгцээний авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах журам”-ын 3.3.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэн, хуулийн этгээд нь авто зогсоол байгуулан, ажиллуулах зөвшөөрлийг Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтын асуудал хариуцсан байгууллагаар дамжуулан Нийслэлийн хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагаас авахаар зохицуулсан.
Дээрх журмын дагуу зөвшөөрөл аваагүй Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан тээврийн хэрэгслийн зогсоолын 2 автомат хаалтыг буулгаж, нийтийн эзэмшлийн зам, талбайг бүрэн чөлөөлүүллээ.