Саарал чоныг агнах уралдаан зарлах, олноор хоморголон устгахгүй байхыг анхааруулжээ

Саарал чоныг агнах уралдаан зарлах, олноор хоморголон устгахгүй байхыг анхааруулжээ

Зарим сумд саарал чоно агнах уралдаан зарлаад байсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл уг уралдаантай холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдэгдэл гаргажээ. 

Уг мэдэгдэлд, "Саарал чоно (Canis Lupus) нь Дэлхийн байгаль хамгаалах холбооны улаан дансны үнэлгээгээр “ховордож болзошгүй” гэж үнэлэгдсэн, өвсөн тэжээлтэн амьтдын тоо толгойг зохистой хэмжээнд барьж, байгаль, экосистемийн зохистой харьцаанд маш чухал үүрэг гүйцэтгэдэг, “Зэрлэг амьтан ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц”-ын II хавсралтад орсон амьтан юм.

Саарал чонын зохистой ашиглалтыг явуулах зорилгоор улсын хэмжээнд жилд дунджаар 400 орчим толгой саарал чоныг ахуйн зориулалтаар агнах тоо хэмжээг баталж, орон нутаг зөвшөөрлийг олгодог. Сүүлийн жилүүдэд малчдаас саарал чонын тоо толгой нэмэгдэж, малчдад учруулах хохирол ихэссэн, зөвшөөрлийн хураамж өндөр байгаагаас шалтгаалан иргэд зөвшөөрөл авахад хүндрэлтэй байгаа тул тодорхой арга хэмжээ авч өгөх талаар олон удаагийн хүсэлт ирсэнтэй холбогдуулан Амьтны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт "Байгалийн тэнцлийг хангах, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх болон мал, гэрийн тэжээвэр амьтанд өвчин халдварлах, иргэн, хуулийн этгээдэд хохирол учруулахаас сэрэмжлэх зорилгоор зарим амьтны тоо толгойг зохицуулах арга хэмжээ авч болно" гэж заасны дагуу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас аймгийн ерөнхий агнуур зохион байгуулалтын судалгаанд үндэслэн 2025 онд говь болон зүүн бүсийн аймгуудаас бусад аймгийн Засаг дарга, Байгаль орчны газруудад чоныг ахуйн зориулалтаар болон тодорхой нутаг дэвсгэрт тоо толгойг зохицуулах агнуурыг зохион байгуулж, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу зөвшөөрлийн төлбөр хураамжаас чөлөөлж ажиллах чиглэл өгсөн.

Гэвч сүүлийн үед Амьтны тухай хуульд орсон өөрчлөлтийг буруугаар хэрэглэж, орон нутагт “саарал чоно агнах уралдаан” зарлах, толгой дараалан устгах үйл ажиллагааг нийтийг хамруулан зохион байгуулж, олон нийтэд буруу ташаа мэдээлэл тарааж байгаа тул орон нутагт саарал чоно агнах зорилгоор аливаа уралдаан зарлах, олноор хоморголон устгах, нийгмийн сүлжээгээр зүй бус зураг, бичлэг оруулах үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхааруулж байна. Цаашид эдгээр зөрчил гарсан тохиолдолд саарал чонын агнуурыг тухайн бүсэд хориглох хүртэл арга хэмжээ авахыг мэдэгдэж байна" гэжээ.