ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн Э.Болормааг энэ сарын 28-ны өдөр Нийслэлийн Прокурорт албадан ирүүлэх шийдвэрийг шүүхээс гаргалаа

2025-11-20 13:06

ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн Э.Болормааг энэ сарын 28-ны өдөр Нийслэлийн Прокурорт албадан ирүүлэх шийдвэрийг шүүхээс гаргалаа

Нийслэлийн прокуророос УИХ-ын гишүүн Э.Болормааг албадан ирүүлэх хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн талаар бид мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл Э.Болормааг албадан ирүүлэх прокурорын хүсэлтийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнөөдөр /2025.11.20/ хэлэлцээд, түүнийг албадан ирүүлэх шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Э.Болормааг 2025 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн прокурорын газарт албадан ирүүлэхээр шийдвэрлэжээ. 

2025-11-20 11:08

ШУУРХАЙ: Нийслэлийн прокуророос УИХ-ын гишүүн Э.Болормааг албадан ирүүлэх хүсэлтийг шүүхэд хүргүүлжээ

УИХ-ын гишүүн Э.Болормааг "Сонгуулийн хууль зөрчсөн" үндэслэлээр яллагдагчаар татсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тодруулбал, түүнийг 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр гадаадын хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” компаниас хандив авч, сонгуулийн үйл ажиллагаандаа зарцуулсан гэх үндэслэлээр хуулийн байгууллагаас мөрдөн шалгаж, улмаар яллагдагчаар татаад байсан юм. Харин УИХ-ын гишүүн Э.Болормаа нь дээрх мэдээллийг үгүйсгэж, "Намайг МАН-ын даргад нэр дэвшинэ гэж бодоод зориуд харлуулж худал мэдээлэл цацаж байна" гэх тайлбарыг өгөөд байсан юм. 

Тэгвэл Нийслэлийн прокуророос УИХ-н гишүүн Э.Болормааг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байгаа гэх шалтгаанаар албадан ирүүлэхээр шүүхэд хүсэлт хүргүүлсэн байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.  

Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн Э.Болормаа сонгуулийн компанит ажилдаа нийт 789 орчим сая төгрөгийг зарцуулсан байдаг. Үүнийх нь 460 сая төгрөгийг нь 17-н компани хандивласан бөгөөд эдгээрийн дотор гадаадын хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” компани байсан нь Үндэсний аудитын газрын “нэгдсэн тайлан”-нд дурдагдсан байгаа юм. Тодруулбал, Э.Болормаагийн ХААН банкны 5107157116 тоот дансанд гадаадын хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” компани 2024 оны зургаадугаар сарын 06-ны өдөр “бизнесийн орлого” гэсэн утгатайгаар хандив өгсөн байна.

Гэтэл Э.Болормаа уг хууль бус хандивыг буцаан шилжүүлээгүй гэдэг нь түүний 2024 оны зургаадугаар сард Үндэсний аудитын газарт өгсөн “явцын тайлан” нотолдог.

Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 56.1.1 дэх хэсэгт "гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага хандив өгөхийг хориглоно” гэж заасан бол мөн хуулийн 56.2-т “Гадаадын хөрөнгө оруулалттай компани хандив өгсөн бол буцаан шилжүүлнэ” гэж заасан байна. Гэтэл Э.Болормаа гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хандивын мөнгийг буцаахгүйгээр, сонгуулийнхаа ажилд зарцуулсан байдаг. Үүнийг ч түүний сонгуулийн зардалд аудит хийсэн "Нийслэл аудит" ХХК нотолж, энэ талаарх баримт мэдээллийг Үндэсний аудитын газарт албан бичгээр хүргүүлсэн байдаг юм.