УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Миний хувьд эдийн засгийн эрх чөлөөг авчиръя, ногоон хөгжлийг чөлөөлье гэсэн санаачилгыг гаргаад байгаа. Дээрээс нь авлигаас чөлөөлнө гэсэн бодлогуудыг дэмжнэ. Өчигдөр данс нь хаалттай байсан 12 мянган ААН-ын дансыг нээх шийдвэр гарсан. Үүнийг гадаад нөхцөл байдал хүндэрч байгаа цаг үед авч буй зөв арга хэмжээ гэж харж байна. Түүнээс биш тогтмол татвараа төлдөггүй аж ахуйн нэгжүүд бас бий. Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа учир ААН-үүдийнхээ үйл ажиллагаа эрхлэх эрхийг зөвшөөрөөд явах ёстой гэж боддог. Даргын гарын үсэг, агентлаг яамдуудын зөвшөөрлийг хүлээж суудаг тогтолцоог халахыг хоёр гараа өргөөд дэмжиж байгаа. Энийг ойрын хугацаанд хэлэлцүүлээд, батлаасай гэж бодож байна. Төсвийн тухай хуулинд төсвийн тодотголыг дөрвөн нөхцөлд хийнэ гэдэг. ДНБ-д эзлэх төсвийн алдагдал тодорхой хувиас дээш гарсан тохиолдолд, бүтцийн өөрчлөлт орсон гэх мэт. Одоогийн байдлаар энэ нөхцөл байдал үүсээгүй байгаа ч ойрын зургаа долоон сараас эдийн засгийн нөхцөл байдал хүндрэх хандлагатай байгаа” хэмээн ярьсан юм.