УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал бүлгийн олонхын шийдвэрийг цөөнх нь дагах гарын үсэг цуглуулсан асуудлаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатараас тодрууллаа.
Тэрбээр “УИХ-ын гишүүн бол Үндсэн хууль, бусад хуулиар олгосон эрх үүрэгтэй субъект. Энэ үүргээ хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. УИХ-д 10 буюу түүнээс дээш гишүүнтэй улс төрийн нам бүлэг байгуулан ажиллаж, бүлэг дээрээ асуудлаа нээлттэй хэлэлцэж, олонх цөөнхийн байр сууриа илэрхийлээд явдаг. Мэдээж олонхийн шийдвэрээ дагна, цөөнхдөө хүндэтгэлтэй хандана гэсэн үндсэн зарчим хэрэгжих ёстой. Харин олонхийн шийдвэрээ даг гэж хүчээр гарын үсэг зуруулахыг буруу гэж харж байна. Бүлэг дээр эсрэг байр суурь илэрхийллээ гээд олонхийн шийдвэрээ хатуу дагах ёстой гэсэн гарын үсэг зурах нь зарчмын хувьд буруу. Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Гэтэл хатуу тогтолцоог эргээд бий болгох гэж байгаа юм шиг нөхцөл байдлууд сүүлийн үед ажиглагдаад байгаа. Хамгийн наад захын жишээ бол парламентийг олон нийтэд албаар муу, муухай харагдуулах нөхцөл байдлыг их түгээж байна. Олон улсын жишээ, түүхийг харахад парламентийн дархлааг сулруулвал эргээд дарангуйллын систем тогтох зам руу явж байдаг юм. Сонгодог парламентын жишгийг түгээх байр сууринд хатуу байдаг гишүүний хувьд парламентын дархлааг нэмэгдүүлэхийн тулд ажиллана" хэмээн ярилаа.