Иран, АНУ, Израилийн мөргөлдөөн тав дахь долоо хоногтоо үргэжилж, улмаар дэлхийн олон хот шатахуун түлшний үнийн өсөлттэй тулгараад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан дэлхийн хотууд шатахуун, түлшний үнийн өсөлтийн нөлөөг бууруулах төрөл бүрийн арга хэмжээг хэрэгжүүлж буй юм.
Тухайлбал, Мелбурн хот нийтийн тээврийн тасалбарыг түр хугацаанд үнэгүй болгосон бол Брюссель хотын захиргаанаас иргэдийг гэрээсээ ажиллаж, автомашины хэрэглээгээ багасгахыг уриалжээ. Харин Франц улс тээврийн салбарт олгох түлшний татаас зэргийг багтаасан тусламжийн багц төсөв баталжээ. Түүнчлэн АНУ-ын Жоржиа муж 60 хоногийн хугацаанд шатахууны нэмэлт татварыг тэглэхээр болсон байна.
Олон Улсын Эрчим Хүчний агентлагаас иргэдийг нийтийн тээврээр зорчих, машинаа хуваалцах, зайнаас ажиллах, хурдны замын дээд хурдны хязгаарыг бууруулах зэрэг зөвлөмжийг өгсөн байна. Судалгаагаар автомашины хурдыг цагт 10 км-ээр бууруулахад шатахууны хэрэглээ 5-10 хувиар буурдаг гэсэн тооцоо гарчээ. Түүнчлэн шатахууны үнэ нэмэгдэхэд нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо дагаад нэмэгддэг болохыг дэлхийн түүхэнд урьд өмнө тохиосон газрын тосны хямралууд харуулдаг. Тодруулбал, 1973 оны их хямралын үеэр Нидерландын эрх баригчид ням гараг бүр автомашины хөдөлгөөнийг хориглож, иргэд унадаг дугуй унах болсон нь тус улсын зам тээврийн дэд бүтцийн өнөөгийн өвөрмөц онцлогийг бий болгосон юм. Тус салбарын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар олон улсад газрын тосны үнэ цаашид өссөөр байх бөгөөд бодлого тодорхойлогчид шатах түлшнээс хамааралтай байдлыг бууруулж, дараагийн хямралаас иргэдийг хамгаалах энэхүү өөрчлөлтийн том боломжийг алдахгүй байхыг уриалжээ.