Б.Баатар: "Atticus" компанитай огт хамтран ажиллаагүй, Улсын төсөвтэй холбоотой ямар ч санхүүжилт аваагүй

Б.Баатар: "Atticus" компанитай огт хамтран ажиллаагүй, Улсын төсөвтэй холбоотой ямар ч санхүүжилт аваагүй

Монголын нэрт зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн бүтээл “Тамгагүй төр” жүжиг "Херо" энтертайнментын найруулагч Б.Баатарын найруулгаар “Монгол хаан” нэртэйгээр үзэгчдийн хүртээл болсон. Улмаар олон улсад тоглолтоо хийж эхэлсэн.

Гэтэл Хууль, зүй дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр цахим хуудсаараа дамжуулан Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг сурталчлах нэрийдлээр улсын төсвийн долоон тэрбум төгрөгөөр "Монгол хаан" жүжгийг санхүүжүүлсэн тухай баримтыг дэлгэсэн нь олны анхаарлыг татсан байдаг. Мөн түүний мэдээлснээр "Эрдэнэс-Оюутолгой" компани нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “шийдвэр”-ийн дагуу гэдэг нэрийдлээр гадаад улсын "Atticus Partners" Ltd болон "Atticus communications" Ltd компанитай дөрвөн удаагийн үйлдлээр нийт 1.9 сая ам доллараар (7 орчим тэрбум төгрөг) гэрээ хийж, “Дэлхийд Монголыг сурталчлах” гэсэн халхавчаар Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн 50 хувь эзэмшдэг Херо энтертэйнмент компанийн бүтээл “Монгол хаан” жүжгийн гадаад суртачилгааг хийсэн нь баримтаар тогтоогдсон гэдгийг тодотгосон.

Тэгвэл эл асуудалд "Херо" энтертайнментын найруулагч Б.Баатар “Монгол Хаан” жүжгийн продюсер Оливер Кингээр дамжуулан мэдэгдэл гаргажээ.

Тэрбээр "Монголд гарсан сүүлийн үеийн сошиал мэдээнд дурдсан Atticus PR гэдэг компанитай бид шууд болон шууд бус байдлаар хамтран ажиллаагүй гэдгийг хэлэхийг хүсэж байна. Atticus PR манай жүжигт оролцсон цорын ганц оролцоо нь хэвлэл мэдээлэлд зориулсан нээлтийн өдрийн тоглолтод хэд хэдэн хэвлэл урьж, өөрсдөө оролцох явдал байсан. Бид энэ урилгыг өөр олон байгууллагад өгсөн. Ямар ч тохиолдолд тэд жүжгийн нэрийн өмнөөс албан ёсны мэдээ тараагаагүй" гэжээ.