Цагдаагийн алба хаагчийн биед халдаж, хууль ёсны шаардлагыг нь биелүүлээгүй Б.Цэгмид нарыг 250 мянгаар торгожээ

Цагдаагийн алба хаагчийн биед халдаж, хууль ёсны шаардлагыг нь биелүүлээгүй Б.Цэгмид нарыг 250 мянгаар торгожээ

Засгийн газрын 77-р тогтоолыг эсэргүүцсэн Б.Цэгмид нарын иргэд эсэргүүцлээ илэрхийлэх явцдаа хууль сахиулах байгууллагын алба хаагчдын биед халдсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тодруулбал, Засгийн газрын 77 дугаар тогтоол өнгөрсөн аравдугаар сарын 01 /2025.10.01/-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд тус тогтоолоор уул уурхайн бүтээгдэхүүн (нүүрс, зэс, төмөр гэх мэт) болон шатахуун тээвэрлэж яваа том оврын машинууд улсын болон олон улсын чанартай замаар зорчихдоо төлбөр хураах цэг дээр бүртгүүлэх бүрт 150 мянган төгрөг төлөхөөр болсон. 

Харин энэхүү тогтоолыг Б.Цэгмид нарын иргэд эсэргүүцэж, Саппорогийн уулзварын орчимд эсэргүүцлээ илэрхийлсэн. Ингэхдээ замын хөдөлгөөний зохицуулалт хийж байсан цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, зохицуулалт хийж байсан Тээврийн цагдаагийн албаны алба хаагчийн биед халдах зэргээр хууль зөрчсөн үйлдэл гаргасан байдаг. Улмаар үзэл бодлоо илэрхийлэх нэрийдлээр цагдаагийн алба хаагчийн биед халдаж, хууль ёсны шаардлагыг нь биелүүлээгүй Б.Цэгмид нарын хүмүүсийг Зөрчлийн хэргээр шалгаж байсан юм. 

Тэгвэл цагдаагийн биед халдсан Б.Цэгмид нарыг Зөрчлийн хуулийн дагуу 250 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.