2026 оны төсвийн хуулийг Төсвийн байнгын хороонд буцаав

2026 оны төсвийн хуулийг Төсвийн байнгын хороонд буцаав

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.11.07/ үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/-ийг хийж эхэллээ. 

Үдээс өмнөх хуралдааны үеэр МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг нар 2026 оны төсвийн хуулийг Төсвийн байнгын хороонд буцаах чиглэл авах тухай саналыг гаргасан.  Ингээд Төсвийн байнгын хороонд чиглэл өгөхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон 59 гишүүн зөвшөөрч, 40 нь татгалзав. Энэ дагуу чиглэл өгсөн ЗУРГААН асуудлаар Төсвийн байнгын хороо хуралдаж, санал дүгнэлт гаргах юм.

Харин үүнийг эсэргүүцсэн зарим гишүүд УИХ-ын чуулганы ирцээс нэрээ хасуулахаа мэдэгдлээ. УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал "2025.11.05-ны өдөр Төсвийн байнгын хороо хууль зөрчсөн. Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягийн өмнөөс Т.Аубакир санал өгсөн. Мөн Засгийн газрын гишүүн Т.Аубакир Байнгын хороо удирдсан. Иймд нэрээ хасуулж байна. Санал хураалтад оролцохгүй. Мөн зарчмын зөрүүтэй ямар саналууд гарсан нь одоо хүртэл гишүүдэд ирээгүй байгаа" гэв. Мөн Э.Болормаа, Ц.Сандаг-Очир, Б.Уянга, М.Энхцэцэг нар ирцээс нэрээ хасууллаа.

УИХ-ын дэд Б.Пүрэвдорж тэдний нэрийг хасуулж, "Байнгын хороогоор хэлэлцсэн зарчмын зөрүүтэй саналыг хэвлээд гишүүдэд тараасан байх ёстой. Гэвч УИХ-ын Тамгын газар ажлаа хийхгүй байна. Х.Булгантуяа бушуухан ирж хурлаа удирдаасай" хэмээлээ.