Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхлээд байгаа билээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.10 дугаар зүйл. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 22.4 дүгээр зүйл. Нийтийн албан тушаалтан хахууль авах гэсэн зүйл ангиар яллагдагчаар татсан байдаг.
Тэрбээр яллагдагчаар татагдсан тогтоолтой танилцахгүй байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хүндрэл учруулж байна хэмээн АТГ-аас мэдээлсэн. Харин түүнийг яг ямар хэргээр шалгаж байгаа талаарх мэдээлэл одоогоор ил болоогүй байгаа. Гэхдээ УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг Бортээгийн ордыг ашиглах гэж байсан "Админерал" ХХК-тай холбоотойгоор шалгаж байж магадгүй байгаа юм. Учир нь Хууль зүйн сайд Б.Энхбаяр тус албан томилогдохоосоо өмнө буюу өнгөрсөн есдүгээр сард NTV телевизийн "Лхагвын тойм" нэвтрүүлэгт орох үеэрээ энэ талаар маш тодорхой ярьсан байдаг. Энэ талаарх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Нөгөөтээгүүр, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн хүн гэгддэг Ц.Чулуунзагдын ч мөн "Админерал" ХХК-тай холбоотойгоор шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Тэгвэл УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан нарын нэр холбогдоод буй "Админерал" ХХК-ын ашиглах гэж байсан гэх Бортээгийн ордын талаарх мэдээллийг хөвөрдөж үзлээ.
-БОРТЭЭГИЙН ОРД ДАХЬ "АДМИНЕРАЛ” ХХК-ИЙН БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ПРОКУРОРЫН ШИЙДВЭРЭЭР ТҮР ЗОГСООЖЭЭ-
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг болох 424 сая коксжих нүүрсний нөөцтэй Бортээгийн ордыг нүүрс баяжуулах үйлдвэр барих нэрийдлээр халхавч тендер зарлан, “Админерал” компанид хууль бусаар олгосон нь 2023 оны арванхоёрдугаар сард болсон "Нүүрсний сонсгол"-ын үеэр баримтаар ил болж байв. Тиймээс ч Бортээгийн ордын үйл ажиллагааг эхлүүлэх ажлыг зогсоосон байдаг. Гэхдээ Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэр хэдийнэ баригдаж, үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд өнгөрсөн аравдугаар сарын сүүлчээр тус баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг прокурорын шийдвэрээр түр зогсоон, баяжуулах үйлдвэрт ажиллаж байсан хятад ажилчдыг нутаг буцаан, түрээсийн машин техник, тоног төхөөрөмжийг эздэд нь хүлээлгэн өгч, обьектуудыг нь лацдан битүүмжилсэн гэх мэдээлэл байна.
-"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК БОРТЭЭГИЙН УУРХАЙГААС 4.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛНА ГЭЖ ТӨЛӨВЛӨЖ БАЙСАН БАЙНА-

Тэгвэл "Эрдэнэс Тавантолгой" ХК" нь "Бортээгийн орд"-ын үйл ажиллагааг эхлүүлэх ажлыг зогсоохоос өмнө тус ордыг ашиглахаар "2024 оны бизнес төлөвлөгөө"-ндөө тусгасан байжээ. Ингэхдээ "Эрдэнэс Тавантолгой" ХК нь Бортээгийн уурхайгаас 20 сая м3 хөрс хуулж, 5 сая тонн нүүрс олборлож, 23.6 сая м3 уулын цул хөдөлгөж, 4 м3/тн хөрс хуулалтын коэффициенттой ажиллахаар төлөвлөсөн байсан аж. Тус компани нь Цанхийн баруун уурхай болон Цанхийн зүүн уурхай уулын цулыг өөрсдийн техник хэрэгслээр гүйцэтгэхээр төлөвлөсөн бол Бортээгийн уурхайн уулын цулыг тус ордыг ашиглах компаний өөрсдийнх нь техникээр гүйцэтгүүлэхээр төлөвлөж байсан баримт байна.
Мөн 2024 онд Бортээгийн уурхайгаас 5 сая тонн олборлож, үүнийхээ 4.5 сая тонн нүүрсийг борлуулж, 795.2 тэрбум төгрөг олно хэмээн төлөвлөж байсан бөгөөд үүнийгээ DAP нөхцөл буюу хил хүргэх нөхцөлөөр худалдаална хэмээж байжээ. Харин олборлохоор төлөвлөсөн 5 сая тонн нүүрснийхээ 3.5 сая тонныг нь коксжих нүүрс, 1.5 сая тонныг нь эрчим хүчний нүүрс байна гэж тооцож байсан байна.
Тэгвэл УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн холбоотой гэх “Админерал”-ын багтсан МТАС түншлэл нь 2021 онд Тавантолгойн бүлэг ордын Бортээгт хөрс хуулах, нүүрс олборлох, өрөмдөх, тэслэх, нүүрс баяжуулах үйлчилгээ үзүүлэхээр тендерт шалгарсан байдаг. Атал 2024 онд "Бортээгийн орд"-оос нүүрс олборлон борлуулахын тулд "Эрдэнэс Тавантолгой" ХК хөрсийг нь хуулж, уулын цул хөдөлгөх ажлыг өөрсдөө хийхээр төлөвлөж байсан нь анхаарал татаж буй юм. Магадгүй үүний цаана эрх мэдэл, албан тушаалын нөлөө байсан уу, "Нүүрсний сонгол"-оор дээрх мэдээлэл ил болж, үйл ажиллагааг нь эхлүүлэх ажлыг зогсоогоогүй бол хэн нэгэнд давуу байдал олгогдох байсан уу гэх хардлага ч энд төрж байна.
