Монголын тэшүүрийн холбоо: Чухал  тэмцээнд оролцох гэж байгаа манай тамирчны хэрэгцээнд тулгуурлаж, хариуцлагатай ажилласан

Монголын тэшүүрийн холбоо: Чухал тэмцээнд оролцох гэж байгаа манай тамирчны хэрэгцээнд тулгуурлаж, хариуцлагатай ажилласан

Монголын тэшүүрийн спортын олон улсын хэмжээний мастер Б.Сумъяа энэ спортын тамирчдын бодит нөхцөл байдал, Монголын тэшүүрийн холбоо улсаас хэрхэн мөнгө авдаг байж болзошгүй тухай баримтуудыг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн билээ. Тэгвэл уг асуудалд Монголын тэшүүрийн холбоо хариу тайлбар мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд "Казахстан улсын Астана хотод 2025 оны 11 дүгээр сарын 7-9, 13-15-ны өдрүүдэд зохион байгуулагдах Дэлхийн Залуучуудын Шорт трекийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсыг төлөөлөн Мөнхбаярын Борхүү оролцохоор Астана хотод очоод байна. Дасгалжуулагчаар Б.Бат-Оргил явахаар бүртгүүлсэн байсан боловч 11 дүгээр сард Польш, Недерланд улсуудад зохион байгуулах Дэлхийн цуврал 3, 4 тэмцээнүүдэд оролцохоор Сөүл хотод байрлах Польшийн элчин сайдын яамны Консулын газарт Шенгений виз мэдүүлэн хариугаа хүлээж байсан бөгөөд визийн хариуг 11 дүгээр сарын 13-ны өдөр авах болсон. Тэмцээний цахим бүртгэл хаагдахаас өмнө амжиж эцсийн мөчид Team leader буюу багийн ахлагч гэсэн бүртгэлээр А.Биндэръяаг бүртгүүлэн Бат-Оргилыг хасч бүртгэлийг баталгаажуулсан. Багийн ахлагч нь тэмцээний өмнөх албан уулзалт хурлуудад сууж, хэрэгтэй мэдээллээр тамирчид, дасгажуулагч нарыг хангадаг, сүүлийн жилүүдэд Олон Улсын Тэшүүрийн Холбоо /ОУТХ/ -оос заавал багийн ахлагчийг тэмцээнд явахыг шаарддаг болсон. Олон улсын тэшүүрийн холбооноос багийн ахлагчийг Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай хүн байхыг шаарддаг /Манай холбоонд харамсалтай нь тийм өндөр чадвартай хүн бараг байдаггүй тул оюутан хүүхдийг хичээлээс нь чөлөө авахуулан байж явуулсан/.  Холбооны зүгээс Б.Бат-Оргил дасгалжуулагч явах боломжгүй гэдэг нь тодорхой болмогц тэмцээн зохион байгуулагч Казахстаны тэшүүрийн холбоонд хандан албан имэйл бичиж мөн цахим бүртгэл дээр зөвхөн нэг хүн буюу М.Борхүү зочид буудалд байрлах болсон тухай мэдэгдсэн. Мөн төлбөрийн нэхэмжлэлийг ч авсан. Төлбөрийг ч төлсөн. Тушаал дээр Б.Бат-Оргил дасгалжуулагчийн нэр байгаа тул бид төсвийн мөнгийг өөр хүний нэр дээр ашиглах боломжгүй байдаг тул А.Биндэръяаг хувийн зардлаар явуулахаас өөр аргаггүй байдалд хүрсэн. Тийм ч учраас тэмцээн зохион байгуулах газартай ойрхон аль болох хямдхан байр хайж түрээслэн оруулсан. Монголын тэшүүрийн холбооноос бүх шийдвэрийг чухал хариуцлагатай тэмцээнд оролцох гэж байгаа манай тамирчны хэрэгцээнд тулгуурласан бөгөөд бичиг баримтаар баталгаажсан. Бүх зүйлд мэргэжлийн байдлаар хандан хийгдсэн" гэжээ.