НИТХ: Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл 86 хувьтай байна

НИТХ: Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл 86 хувьтай байна

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, тулгамдаж буй асуудлын талаар танилцууллаа.

Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил өнөөдрийн байдлаар 86 хувийн гүйцэтгэлтэй байна. Дулааны гол 15.6 км шугам сүлжээг улс, нийслэл, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар шинэчиллээ. Мөн 88.3 км шугам сүлжээ, 104 км авто замыг шинэчиллээ. Харин цахилгаан хангамжийн өвөлжилтийн бэлтгэл ажил 84 хувьтай үргэлжилж байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг “Өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг өнгөрсөн нэгдүгээр сард гаргасан. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай байна. 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөгөөр үндсэн шугам тоноглолын нийт 31 нэр төрлийн 98 ажил, урсгал засвараар 3387 шугам тоноглолд тус тус засварын ажил хуваарийн дагуу зохион байгуулан ажиллаж байна. Төлөвлөгөөт ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна. Нийслэл, дүүрэг, төслийн хүрээнд нийтдээ 2025 онд 181 блок барилга дулаалахаар төлөвлөсөн бөгөөд ажлын явц 71 хувьтай байна. Харин нийслэлийн боловсролын салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 75 хувьтай, эрүүл мэндийн өвөлжилтийн бэлтгэл ажил 87.5 хувьтай байна” гэлээ.