О.Алтангэрэл: 2002 оноос хойш авлигын хэргээр ял авсан ч хөрөнгөө хураалгаагүй, өршөөгдсөн хүмүүсийн улс төрч, нийтийн албан тушаалтны хөрөнгийг хураана

О.Алтангэрэл: 2002 оноос хойш авлигын хэргээр ял авсан ч хөрөнгөө хураалгаагүй, өршөөгдсөн хүмүүсийн улс төрч, нийтийн албан тушаалтны хөрөнгийг хураана

Засгийн газрын хуралдааны дараа ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "Хөрөнгө хураах хууль"-ийн төслийн талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрбээр "Нэгдүгээр сарын 22-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр дэмжсэн юм. Ингээд нэгдүгээр сарын 24-ний өдөр УИХ-д хүргүүлсэн. Энэ нь ганц хөрөнгө хураах хууль биш авлигын эсрэг багц хуулийн төсөл юм. Үүнээс хойш тов өгөөгүй, хэлэлцүүлж чадалгүй олон сарын нүүрийг үзсэн.

Тэгвэл өнгөрсөн даваа гарагт зохих өөрчлөлтийг хийж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, УИХ-д өргөн барихаар тогтлоо.

Нэрийг нь "Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нөхөн төлүүлэх, хурааж авах тухай" гэж өөрчлөөд  хамаарах субъектүүдийг төрийн өндөр албан тушаалтнуудаас эхлэх байдлаар тусгасан. Мөн иргэний журмаар маргаан явах зохицуулалттай. 2002 оноос хойш хуулийн хэрэгжилт үйлчлэхээр тусгасан. 2002 оноос хойш Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаад өршөөгдсөн хүмүүс байна, шүүхээр ороод ял авсан мөртлөө хөрөнгөө хураалгаагүй зэрэг хүмүүс ч байна. Эрүүгийн хэрэгт нэр холбогдон шалгагдсан мөртлөө хөрөнгөө тайлбарлаж чадаагүй ч хүмүүс байна. Хураая, гэхдээ иргэний журмаар хураая гэсэн өөрчлөлтийг оруулж байна. Ял шийтгэлгүй, хөрөнгийг нь хураана. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд эрүүгийн хууль ашиглаж болдоггүй. Тийм учраас хөрөнгө завшсан хүмүүс хугацаа дууссан гээд санаа амар яваад байгаа. Өнөөдөр үйлчилж байгаа хуулиар 10 жилийн өмнө, 20 жилийн өмнөх асуудлаар хөрөнгө хураах ямар ч зохицуулалт байхгүй. 

Мөн Ухаа худагтай холбоотой асуудлыг өмнө нь ярьсан. Ухаа худгийн ажилтай холбоотой санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг 2025 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр Засгийн газрын хуралдаанаас гаргасан. Бид санал дүгнэлтээ УИХ-д хүргүүлсэн, хэлэлцэхгүй байсан. Тавдугаар сарын 8-нд УИХ дээр ажлын хэсэг байгуулагдлаа. Түүх харвал өнгөрсөн 18 жилийн хугацаанд Тавантолгой, Ухаа худаг ярьсан олон хүн бий ч Засгийн газрын хэмжээнд албан ёсоор санал дүгнэлт гаргасан тохиолдол энэ юм. 

Гэтэл MCS группийн толгой компани MMC 350 сая ам.долларын өрийн бичиг босгосон байна, яг энэ хугацаанд. Товчхондоо, Ухаа худгийн 34 хувиа авбал ав, гэхдээ 150 сая ам.доллартай тэнцэх үүрэг оногдоно шүү гэсэн мессеж уншигдаж байна. Хэлэлцүүлэхгүй асуудал дээр гайхаж байгаа. УИХ үүнийг яагаад хэлэлцүүлэхгүй удсанд гайхаж байгаа. УИХ дээр ажлын хэсэг дөнгөж байгуулагдсаны дараа хамтарсан Засгийн газар байх нь зөв үү үгүй юу гэдэг асуудал ч сөхөгдчихлөө. Ухаа худгийн үйл явдалтай зэрэгцээд л бусад нь өрнөж байгааг анхааралтай ажиглаж байна.

Өөрсдийнхөө зохион байгуулж байгаа жагсаалыг органик өөр хүмүүсийн зохион байгуулж байгааг захиалгатай гэж ярьдаг. Хоёр жагсаал болж байна гэж байна. Түрүүнд нь болсон жагсаал ч зөвшөөрөл аваагүй. Гэхдээ цагдаагийн байгууллага шаардлага тавиагүй л хүндэтгэж байгаа. Бүгд л жагсаж цуглах эрхээ эдлэх нь чөлөөтэй. Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль дээр бид оруулсан. Өөр жагсаал хийж болохгүй гэдгийг үүгээр хязгаарлана. 

Монгол Улсын эрх ашгийн төлөө л үе үеийн Засгийн газар ажиллах байх. Цаашид улс төрийн шийдвэр гаргахад хэцүү болох нь ойлгомжтой. АН хамтарсан гэдэгтээ биш мөрийн хөтөлбөрт тусгасан асуудлаа бас явуулах ёстой, үүнд тустай байсан. Олон зүйл дээр нэгдмэл байсан нь сарних байх. Дээр нь олон жил нийгмийн идээ бээр болсон Ухаа худаг шиг асуудал дээр ном гаргаад тэмцээд явах улс төрийн эр зориг гаргах боломж ч багасна гэж үзэж байна. Ардчилсан намын УЗ өнөөдөр хуралдана гэдэг зар ирээгүй. Өчигдрийн хуралдаан цуцлагдлаа гэсэн л зар ирсэн. Гэхдээ МАН-ын Бага хурлын шийдвэртэй холбогдуулан хуралдах шаардлага үүсэж л таарна" гэв.