СУРВАЛЖИЛГА: Богд ууланд зэрлэгшсэн ноход чонотой үржилд орж, сүрэглэн буга гөрөөс барих болжээ /ВИДЕО/

СУРВАЛЖИЛГА: Богд ууланд зэрлэгшсэн ноход чонотой үржилд орж, сүрэглэн буга гөрөөс барих болжээ /ВИДЕО/

Сүүлийн жилүүдэд зэрлэг ноход ан амьтан барьж идэх, цаашлаад хүн рүү дайрч, ноцох тохиолдол цөөнгүй гарах болсон. Нийслэл, дүүргээс нохой үргээлэг /буудан хөнөөх/ явуулдаг ч энэ нь төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа нь нууц биш. Тэгвэл бид энэ удаад зэрлэг нохдын асуудлыг хөндөж, дараах сурвалжилгыг бэлтгэлээ. 

ВИДЕО: 

-ЗЭРЛЭГ НОХОЙ АСРАМЖЛАХ БАЙРНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЖ, НОХДЫГ УСТГАЖЭЭ- 

Нийслэлийн захирагчийн ажлын алба зэрэг холбогдох байгууллагууд нь нохой, муур устгах ажлыг үр дүнтэй явуулахгүй байгаагаас зэрлэг ноход элбэгшиж, Богдхан ууланд сүрэглэн амьдрах болжээ. Ийн өгүүлэхийн учир нь "Тэжээвэр амьтны тухай хууль" батлагдсантай холбогдуулан эзэнгүй муур, нохойг буудан хөнөөхгүй, түр асрамжлах байранд хүргэж, үржлийг нь хязгаарлах, асрамжлах ажлыг зохион байгуулах ажлыг нийслэлээс эхлүүлсэн байдаг. Гэсэн ч төсөв мөнгөгүй гэх шалтгаанаар "Хар үнэгний аж ахуй"-д байгуулаад байсан "Эзэнгүй нохой, муурыг асрах байр"-ыг суллаж, тэнд байсан нохдыг буудаж хөнөөсөн байна. Уг ажил ийнхүү зогсож, зэрлэг муур, нохдын асуудлыг "хойш тавьсан"-аас зэрлэг нохдын тоо толгой эрс нэмэгдэх болжээ. Нөгөөтээгүүр, эзэнгүй ноход Богдхан ууланд сүрэглэн амьдарч, чонотой үржилд орж, зэрлэгшин тоо толгой нь эрс нэмэгдэх болсон байна. 

Богд уулын ам. 2025.02.14-ны өдөр

-ЗЭРЛЭГ НОХОД БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ НАРЫН ТОЛГОЙНЫ ӨВЧИН БОЛЖЭЭ-

Богдхан ууланд буга, бор гөрөөс, янгир, аргаль зэрэг ан амьтад олон. Ан амьтдыг хамгаалж, тоо толгойг нь нэмэгдүүлэх чиглэл холбогдох байгууллагууд нь анхаарч, хужир, тэжээл өгөх зэрэг ажлыг зохион байгуулдаг байна. Гэтэл зэрлэг нохдын тоо толгой эрс нэмэгдэж, зэрлэг ан амьтад руу дайрах болсон нь байгаль хамгаалагчдын "толгойны өвчин" болоод байгаа аж. Энэ талаар байгаль хамгаалагчид "Зэрлэг нохдыг үргээх ажлыг холбогдох байгууллагууд нь хийдэг нь Богдхан уулын гүнд зэрлэгшсэн нохдын тоо толгой буурахгүй байсаар байна. Тэд ан амьтад руу дайрч, барьж идэх явдал цөөнгүй гардаг. Хэдийгээр байгаль хамгаалагч нар өөрсдийнхөө боломжийн хэмжээнд ноходтой тэмцдэг ч хүч хүрэхгүй байна" гэдгийг хэлж байлаа.

Богд уулын ам. 2025.02.14-ны өдөр

Мөн иргэд "Сүүлийн үед Нүхтийн ам орчимд зэрлэг ноход ихээр үзэгдэх болсон. Тухайн нохой нь чонотой төстэй. Тиймээс ч энэ хавийн иргэд "Чоно суурьшлын бүсэд ороод иржээ" гэх айдаст автсан. Гэтэл тухайн амьтан нь чоно биш, чонотой үржилд орж эрлийзсэн байж болзошгүй нохой байсан. Ер нь ууланд явганаар аялж байгаа хүмүүс рүү зэрлэг ноход дайрсан тохиолдол ч гарсан" гэдгийг тодотгосон юм.  

-НЗАА ЗЭРЛЭГ НОХДЫН АСУУДЛЫГ "ДҮҮРГИЙН АЖИЛ" ХЭМЭЭГЭЭД ӨӨРСДӨӨСӨӨ ХОЛДУУЛЖ БАЙНА-

Зэрлэг нохдын тоо толгойг бууруулах чиглэлээр ямар ажил, арга хэмжээ зохион байгуулж байгаа талаар бид Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас тодруулахад "Чиг үүргийн хувьд Нийслэлийн Захирагчийн ажлын уг асуудлыг хариуцаж байгаа тул тэндээс мэдээлэл авах боломжтой" гэх хариултыг өгсөн юм. Харин Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас уг асуудлыг тодруулахад "Зэрлэг нохой, муурын тоо толгойг бууруулах чиглэлийн ажлыг дүүргүүд хариуцаж байгаа.

Богд уулын ам. 2025.02.14-ны өдөр

Төсөв хөрөнгөтэй холбоотойгоор "Эзэнгүй нохой, муурыг асрах байр"-ыг суллаж, Хан-Уул дүүрэгт хариуцуулсан. Манайх ер нь уг асуудлыг мэдэхгүй" гэх хариултыг өгсөн юм. Үүнээс үзэхэд байгаль хамгаалагчдын толгойны өвчин болоод буй зэрлэг нохдын тоо толгойг буруулах, эл чиглэлд арга хэмжээ авч ажиллаж байгаа төр захиргааны байгууллага байхгүй байна гэхэд нэг их хилсдэхгүй бололтой байна. Гэтэл зэрлэг ноход Дархан цаазад Богдхан уулын ховор ан амьтдыг барьж идэх, үргээх, цаашлаад явган аялагчдын эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулж болзошгүй байна.