Сонгуулийн ерөнхий хороо, Монгол Улсын Үндэсний номын сан, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран “Сонгуулийн боловсрол, эрх зүйн уншлагын танхим”-ыг өнөөдөр нээлээ.
Үндэсний номын сангийн 308 тоот танхимд ажиллаж байгаа “Сонгуулийн боловсрол, эрх зүйн уншлагын танхим”-аас сонгуулийн хууль, тогтоомжийн эмхэтгэл, “Сонгуулийн боловсрол” онол, арга зүйн сэтгүүл, сонгуулийн эрх зүйн судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл, дата мэдээлэл, өгөгдөл, дүрслэл болон улс төрийн намын тухай хууль, тогтоомж, дүрэм, журам, улс төрийн намын санхүүжилтийн мэдээллийн ном товхимол, тоон мэдээлэл авах боломжтой.
“Сонгуулийн боловсрол, эрх зүйн уншлагын танхим”-ын нээлтэд Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Б.Өлзийсайхан, Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо болон эрдэмтэн, судлаач, их дээд сургуулийн багш, оюутнууд, “Сонгуулийн боловсрол” клубийн сэтгүүлчид оролцсон юм. Мөн “Чимид сан”-ийн тэргүүн Ч.Сайнсанаа, “Сонгогчийн боловсрол” ТББ-ын Гүйцэтгэх захирал С.Оюунтуяа, “Сонгуулийн боловсрол” клубийн Удирдах зөвлөлийн гишүүн, сэтгүүлч С.Уянга нар сонгуулийн боловсрол, сонгуулийн эрх зүйг хөгжүүлэх талаар оролцогч, оюутнуудад мэдээлэл өглөө.
Сонгуулийн эрх зүй, сонгуулийн процессын эрх зүйн салбарын эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг нэмэгдүүлэх, мэргэшсэн судлаач бэлтгэх, түүнд шаардлагатай орчин, нөхцлийг бүрдүүлэх, энэ чиглэлээрх эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг судалгаа, шинжилгээний эргэлтэд оруулах, судлаачдыг идэвхжүүлэх, сонгуулийн хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийг нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдод сонгуулийн болон эрх зүйн боловсрол олгох зорилгоор тус танхимыг ажиллуулж байгааг нээлтэд оролцогчид онцоллоо. Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн боловсрол, сонгуулийн эрх зүйг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтийг “Чимид сан”, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн болон их, дээд сургуулиудад хүргүүлсэн. Хүсэлтийн дагуу Парламентын номын сан, “Чимид сан”, Монгол Улсын Их Сургууль, Дотоод Хэргийн Их Сургууль сонгуулийн эрх зүйн ном, товхимол, судалгааны бүтээлүүдийнхээ дээжийг “Сонгуулийн боловсрол, эрх зүйн уншлагын танхим”-д байршуулсан юм.
Нээлтэд оролцсон МУИС, МУБИС, ДХИС, Шихихутаг их сургууль, Отгонтэнгэр их сургуулийн багш, оюутнууд “Сонгуулийн боловсрол, эрх зүйн уншлагын танхим”-д дадлага хичээл, уулзалт, сургалт, зөвлөгөөн хийх боломжтойг зохион байгуулагчид онцлов. Тодруулбал, уг танхимд Сонгуулийн эрх зүй, сонгуулийн процессын чиглэлээр мэргэшсэн судлаачид болон энэ чигллээр судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийж буй хуульч, судлаач, оюутнуудын сургалт, уулзалт, хэлэлцүүлэг, сонгуулийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах практик дадлага, эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан, хурал, хэвлэлийн бага хурал зэрэг үйл ажиллагаа зохион байгуулахад нээлттэй. Дээрх арга хэмжээг зохион байгуулах, оролцох бол Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвд хандаж захиалга өгөх боломжтой. Цаашид “Сонгуулийн боловсрол, эрх зүйн уншлагын танхим”-ын салбарыг аймгуудын номын санд нээхээр төлөвлөн ажиллаж байна.