П.Наранбаяр: 16-аас доош насны хүүхдийг фэйсбүүк, тик ток, твиттер ашиглахыг хориглох хуулийн талаарх судалгааны ажлыг эхлүүлсэн

П.Наранбаяр: 16-аас доош насны хүүхдийг фэйсбүүк, тик ток, твиттер ашиглахыг хориглох хуулийн талаарх судалгааны ажлыг эхлүүлсэн

Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр /2025.02.14/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Боловсролын яаманд миний зөвлөх Д.Гантулгаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. 2024 арваннэгдүгээр сарын 29-ний өдөр Австрали Улс нэг хууль баталсан нь дэлхий дахины анхаарлыг татаж байна. Уг хуулийг тодруулбал цахим орчинд ялангуяа фэйсбүүк, тик ток, снапчат, твитер зэрэг олон нийтийн сүлжээг 16 нас хүртэл хүүхдэд хориглох хуулийг баталсан. Иймд энэ хуулийг судлах, түүний үр нөлөөг нягтлах, үүний зэрэгцээ монгол улсад түрүүн дурдсан олон нийтийн сүлжээнд 16 хүртэлх насны хүүхдийг орохыг хориглох, хязгаарлах хуулийг, заалтыг оруулж ирж судлахаар ажлын хэсэг байгуулагдаж, судалгааны ажлаа эхлүүлсэн гэдгийг мэдэгдэж байна.

Иймэрхүү суурь шинжтэй өөрчлөлтийг хийхийн тулд ихээхэн судалгаа шаардана. Иймд үүнийг нийгмийн хүрээнд олон нийтийн хүрээнд хэлэлцэж, зөвшилцөх ажлыг эхлүүлж байгаа юм.

Үүний хүрээнд эрх ашиг нь хөндөгдөж байгаа бүхий л нийгмийн бүлгүүдтэй ярилцаж, тохиролцох замаар явна. Гэхдээ бид үр дүнд хүрэх ёстой. 2020 онд хийсэн цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын талаар суурь судалгаа авсан. Үүнийг харахад эцэг эхчүүдийн 91 хувь нь хүүхдүүд цахим орчинд халдлагад өртөж байгаагүй гэсэн ойлголттой байдаг. Гэтэл хүүхдүүдийн хувьд 87 хувь нь ямар нэгэн хэлбэрийн халдлагад өртөж, үүний бараг 60 хувь нь эцэг эхдээ хэлээгүй гэсэн судалгаа гарсан. Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр зохисгүй агуулга гаргах, хүүхдийг буруу зүйлд уруу татах, цахим дээрэлхэлт үүсгэх зэргээр олон асуудлууд гаргаж байна. Үүнээс хүүхдүүдээ хамгаалах нь бидний үүрэг. Иймд бид хүүхдээ хамгаалахын тулд Австралид бий болоод байгаа энэ туршлагыг судлах ёстой. Гэхдээ хүүхдийн интернэтэд хандах бусад сувгууд нээлтэй байна. Үүнээс улбаалаад сургуулиуд SMS, LMS-ийн хэрэглээ нэмэгдэнэ гэж харж байгаа. Мөн эцэг эхчүүд ч хүүхдүүдтэй фэйсбүүк мессенжер бус зориулалтын платформоор харьцах хэрэгтэй. Зөрүүтэй санал бүрийг сонсож, томоохон хэлэлцүүлэг хийж энэ ажлыг урагшлуулахад анхаарна. Холбогдох төрийн байгууллагууд болон ТББ-уудтай хамтран ажиллана" гэлээ.

ВИДЕО: